“Мичидийн зургаан гялаан”-аар төсөөлсөн асрамжийн газрыг зорилоо
“Мичидийн зургаан гялаан” гэдэг нэртэй ахмадуудын асрамжийн газрын тухай өгүүлдэг Монголын уран сайхны кино бий. Энэ киногоор төсөөлж явдаг улсын гэх тодотголтой Асрамжийн газрыг сэтгүүлч миний бие зорьж сурвалжиллаа.
Улаанбаатар хотоос 2 цаг гаруй, ихэнхдээ шороон замаар давхисаар Төв аймгийн Батсүмбэр сум Ахмадын асрамжийн газар ирэв. Сумын төвөөсөө бас хэдэн км-ын зайд байдаг аж. Энэ асрамжийн газрыг дагаад тэр хавьдаа жижиг тосгон үүссэн гэж харагдахаар хашаа хороо, айлууд харагдаж байлаа.
Нэг талд нь 3 давхар барилга, асрамжийн газартайгаа зэрэгцээд өргөтгөл барьж байгаа аж.
3 давхар оюутны дотуур байр шиг хуучны цагаан байрны үүдэнд ирэхэд тохьтой, цэмбэгэр орчин угтан авсан юм. Үүдэндээ “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв” гэх хаягтай аж. Биднийг очиход гадаа нь хүн үзэгдсэнгүй. Учрыг тодруулбал энд байгаа ахмадууд өдрийн хоолондоо орсон гэнэ.
“Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-ийн даргаар Л.Төмөрчөдөр гэдэг залуу ажилладаг байна. 2013 оны 02 сард томилогдож иржээ.
1925 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдаж үүх түүхээ эхэлж байсан энэ газар 90 жилийн ойтойгоо золгожээ. “Ойгоо угтаад хийх ажил их байна. Энэ хэдэн ахмадууддаа дээл хувцас оёулж байгаа. Манай хэд чинь шинэ хувцсаа цааш нь хийгээд хуучин хувцсаа л өмсөөд байж байдаг хүмүүс шүү дээ” хэмээн инээмсэглэн ярих шинэхэн даргатай цөөн хором хөөрөлдлөө.
Л.Төмөрчөдөр: 120 гаруй ахмад, 50 гаруй ажилтантай
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Лхагвасүрэнгийн Төмөрчөдөр гэдэг. Энэ байгууллагад ирээд 2 жил 6 сар даргаар нь ажиллаж байна даа.
-Нэрээ өөрчилсөн бололтой. Би ахмадын асрамжийн газар гэж бодож байлаа шүү. Үүх түүхээс нь товч хуваалцана уу?
-Манай байгууллага байгуулагдах эрхзүйн акт 1924 онд Маршал Чойбалсангийн санаачилгаар гарсан юм байна лээ. 1925 онд үндсэн үйл ажиллагаагаа эхэлсэн гэж хэлж болно. Анх Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдсан. 1957 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байршаад 1967 оноос хойш Төв аймгийн Батсүмбэр суманд ирж байршсан. 2013 оныг хүртэл улсын асрамжийн газар гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оны 3 сараас ХАХНХ-ын сайдын тушаал гарч “Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Ихэвчлэн ямар хүмүүс зорьж ирдэг вэ? Хичнээн ажилчидтай вэ?
-Манайх 120 гаруй ахмадуудтай, 50 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Хуульд заасны дагуу асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай ахмад настан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хороо хорины тодорхойлолтын дагуу авдаг. Манайд хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэлээдгүй байдаг учраас эмнэлгийн алба 24 цагийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг.
-Энэ байртайгаа залгаад өргөтгөл барьж байгаа бололтой. Улсын хангамж, төсөв хэр хүрэлцээтэй байна?
-Тиймээ, Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төвийн өргөтгөлийн барилгаас гадна ахмадын нөхөн сэргээх сувиллын барилга барьж байна. Орчин үеийн шийдэл бүхий, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм сайхан барилгууд удахгүй босно доо. Сая та нөхдийг үүдээр орж ирэхэд баахан бараа овоолсон байсан даа. Энэ бол яамны хэлэлцээрийн хүрээнд Японоос ирсэн тоног төхөөрөмжүүд байгаа юм. 2 багц 60-аад нэр төрлийн тоног төхөөрөмжүүд ирсэн.
Манайд 2014 онд улсын төсвийн 9,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол урьд өмнөх 90 жилийн түүхэнд хэзээ ч хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт юм. ХАХНХЯ, Нийгмийн халамж үйлчилгээний газраас нийгмийн зорилтот бүлэг болсон энэ хүмүүст хөрөнгө оруулалт хийж байгаа нь байгаа олсон алхам юм. Ахмадуудад хэрэгтэй үйлчилгээг сайжруулах, байр сууцаар хангах, хоол унд, эм тариа, хувцас хэрэглэлээр хангахад хуучин байснаас 2 дахин төсөв нь нэмэгдсэн.
/Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн өргөтгөлийн барилга/
/Япон улсаас ирсэн асаргаа, оношилгооны тоног төхөөрөмжүүд/
Дутуугаа нөхдөг амьдардаг хүний заяа
Ийн энэ газрын талаар тодорхой ойлголт мэдээлэл авсны дараа үүдэнд гарахад хэсэг ахмадууд салхилж суугаа харагдав.
Хэдэн биенийхээ бараа харж суудаг энэ хэдэн хотоос ирсэн зочид сонин байгаа бололтой. Эдэн дундаа хамгийн дуу шуутай нэг ахтай уулзлаа. Түүнийг Пүрэвсүрэнгийн Энхбаяр гэдэг аж.
“Ах нь энд ирээд 10 гаруй жил болж байна. Ээжтэйгээ байж байгаад ээж маань бурхан болсны дараа Хан-Уул дүүргээс энд ирсэн” гэв. Тэрбээр тэргэнцэртэй бөгөөд яагаад хөлөө гэмтээсэн талаар асуухад “1974 онд цэргийн алба хааж байхдаа үерийн дайчилгаанд оролцон 2 хөлгүй болсон хүн дээ. Дарханы цэргийн эмнэлэгт ухаангүй байж байгаад хотын цэргийн эмнэлэгт ирж ухаан орсон гэдэг” гэв. Тэрбээр бичиг баримтныхаа бүрдүүлэлтийг хийлгэсэн, он гараад тэтгэвэрт гарах гэнэ.
Бие биенийхээ зовлон жаргалыг эгээ л хань нөхөр шиг, аав ижий шиг дэндүү сайн мэддэг болцгоосон эд хотоос сурвалжлагч ирсэн гэсэн болохоор тэгсэн үү, хажуудаа суугаа нэг эгчийн талаар ам уралдан ярьцгаав. “Багадаа айлд өргөгдсөн. Эцэг эхээ алдаад харж хандах хүнгүй болсон энэ маань энд ирээд бүр овоо болж байна. Уул нь ч хөөцөлдөөд ах дүүгийнх нь сургийг гаргаад өгчихвөл аштай юу? Өөрөө сайн ярьж чаддаггүй юм” гэв.
Гадаа салхилж суугаа хэсэг ахмадуудаасаа хамаагүй дүү учраас яг л охиноо гэж боддог бололтой. Хүний хорвоод ингэж л дутуу хоосон орон зайгаа нөхөж явах нь хүн болж төрсний утга учир мэт.
Энэ эмэгтэйн талаар дараагийн удаад тусгай нийтлэл хүргэнэ.
Өөрсдөө тарьсан шинэхэн ногоогоо хүнсэнд хэрэглэдэг
Эднийх боломж бололцоогоо ашиглан төмс хүнсний ногоог өөрсдөө тарьж, туслах аж ахуйг хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа гэнэ. Бид хажууханд нь баригдаж байгаа ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн өргөтгөл болон, ахмадын нөхөн сэргээх төвийн барилга, мөн төмс хүнсний ногооны талбайтай нь танилцахаар хөдөллөө.
Ахмадын нөхөн сэргээх төвийн барилгыг Оффис Констракшн ХХК барьж байна. Тус компанийн барилга хариуцсан инженер С.Баасансүрэн хэлэхдээ: “Манайх энэ төслийг 2014 оны 04 сард эхэлсэн. Ашиглалтанд 2015 оны 10 сарын 10-нд хүлээлгэн өгөх ёстой. Одоогоор ажлын явц 70 гаруй хувьтай, талбай дээр 40-өөд хүн ажиллаж байна” гэв.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...