logo
Ц.Баасандорж: Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй, цагаадна

Ц.Баасандорж: Л.Гансүх Өршөөлийн хуульд хамрагдахгүй, цагаадна

2015/08/13

УИХ-аар баталсан Өршөөлийн хуульд “Нүүрс хөтөлбөр”-ийн гэх хэрэгт яллагдаж, шүүгдэх гэж байгаа Л.Гансүх нар хамрагдсан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-Таны үйлчлүүлэгчийг Өршөөлийн хуульд хамрагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Л.Гансүх нь Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Учир нь Өршөөлийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс л хамрагддаг. Л.Гансүхийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй. Харин ч хилс хэрэгт гүтгэгдэж байгаа. Улстөрийн зорилгоор зохиосон хилс хэрэгт гүтгэгдэж байгаа ч гэж ойлгож болно. Өршөөлийн хуульд гэм буруугаа хүлээсэн хүмүүс хамрагддаг гэдгийг дахиад хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдээгүй учраас цагаадна. Бид Өршөөлийн хуульд орох гэж биш, цагаатгуулж гэм буруугүй гэдгээ тогтоолгоно. “Нүүрс хөтөлбөр’’-ийн гэх энэ хэрэг байж боломгүй хэлмэгдүүлэлт. Хэрэг яаж зохиодог, хүнийг яаж хэлмэгдүүлдэг гэдгийн сонгодог жишээ. Тиймээс ямар үйлдлийг гэмт хэрэг болгосныг, хэнээр ямар худал мэдүүлэг өгүүлдгийг, шинжээчээр яаж худал дүгнэлт гаргуулдаг вэ гэдгийг нийгэмд харуулна.

-Шүүх хуралдаан нэг удаа хойшлогдсон. Өршөөлийн хуулийг хүлээж цаг хожсон ч гэх хардлага байна?

-Өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантайгаар чөлөө хүссэн. Олон улсын хуралд явсан учраас шүүх хуралдаан хойшилсон. Үүнд хууль ямар ч хамаагүй. Угаасаа ч миний үйлчлүүлэгчид хамааралтай хууль биш. Бид шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах, нээлттэй явуулах хүсэлт тавина. Авлигатай тэмцэх газар Гансүх гэдэг хүнийг айхавтар хэрэг хийчихсэн, 3.6 тэрбум төгрөг идэж уусан гэж зарласан. Гэтэл АТГ-ын зарлаад дуулиан болгоод байсан хэрэг нь үнэн хэрэгтээ юу болохыг олон нийт мэдэж аваг. Шүүх хуралдааны явцаас ямар зохиол байсан нь тодорхой болно. Эндээс АТГ хэрхэн, яаж хэрэг зохиодог вэ гэдгийг олон нийт мэдэж авна. Гэмт хэрэг хийсэн хүн аль болох олны нүднээс далд, хаалттай хэлэлцүүлэх сонирхолтой байдаг. Харин өөрөө хэлмэгдсэн хүн асуудлыг ил тод тавих сонирхолтой.

-Анхан шатны шүүх хуралдаан ирэх даваа гаригт товлогдсон. Анхан шатны шүүхээс таны үйлчлүүлэгчид ял оноовол шууд Өршөөлийн хуульд хамаарах уу?

-Мөрдөн байцаалт, прокурорын шатанд яллагдагч гэм буруугаа хүлээвэл Өршөөлийн хуульд хамруулдаг. Шүүхийн шатанд ч шүүгдэгч гэм буруугаа хүлээвэл өршөөгдөнө. Харин миний үйлчлүүлэгч ямар ч гэм хийгээгүй. Тиймээс цагаадахын төлөө эцсийг нь хүртэл явна. Анхан шатны шүүх Л.Гансүхийг цагаатгана гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. 800-900 ажлын байр бий болгоод, төр, иргэнд ашигтай ажил хийж байхад нь АТГ дундуур нь ороод яаж хэлмэгдүүлснийг хүмүүс сонсвол нүд нь орой дээрээ гарах учраас шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүсээд байгаа юм. Эрх зүйч болохоор сурч байгаа оюутнууд, багш, судлаачид энэ хэрэг дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Хэрвээ АТГ-аас миний үйлчлүүлэгчид ял оноовол бид дааж заалдана. Дээд шүүх хүртэл явна. Хэрвээ Л.Гансүх гуай биеэ бодоод, өөрт амрыг бодвол өршөөлд хамрагдаж болно. Гэхдээ тэр хүн АТГ-ын зохиосон хэргээс үүдэж жил гаруй хэлмэгдэж, гүтгүүлж доромжлууллаа. Нэр төрөө цэвэрлүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Ингэж байж АТГ яаж хүнийг хэлмэгдүүлдэг вэ гэдгийг олон нийт мэдэж авна. АТГ-аас миний үйлчлүүлэгчийг өршөөлд хамрагдах нь гэдэг зохиомол мэдээллийг гаргаж байгааг үгүйсгэхгүй. Үүгээрээ Л.Гансүх өршөөлд хамрагдчихвал бидний хэлмэгдүүлэлт, эрүү шүүлт нийтэд мэдэгдэхгүй гэх хандлага ч байж мэднэ.

-Өршөөлийн хуулийн талаар АТГ-аас байр сууриа илэрхийлсэн. Тэнд шалгаж байгаа албан тушаалын бүх хэрэг өршөөгдөх бололтой юм.

-АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар 3.Баасаннямын ярьсныг уншлаа. Тэр хүн “УИХ ийм хэргийг өршөөх ёстой. Үүнийг өршөөж болохгүй. Хуулийг ингэж гаргах ёстой байсан” гэх мэтээр ярьж байна лээ. Тэр хүн төрийн мөрдөн шалгах тусгай байгууллагын захиргааны албан тушаалтан. Аль нэг төрийн байгууллагын аж ахуй хариуцсан нөхөр УИХ-ын гишүүдэд хууль санаачлах, батлахыг нь заадаг. Бүр хуулийн төсөл дээрээ ямар үг үсэг тавих, хэнийг өршөөж эсвэл өршөөхгүй байх талаар заадаг хандлага бий болох нь. Эндээс ажиглахад л АТГ өөрөө ямар байгууллага болсныг харчихаж болохоор байна. Ерөөсөө л АТГ төрийн дээр гарчихсан. Төрд яаж ажиллахыг нь заадаг болчихож. Цаад санаа нь улс дотор улс байгааг харуулаад байгаа юм уу. Монгол Улс парламентын засаглалтай. УИХ-аас баталсан хуулиар Монгол Улсад ямар хэм хэмжээг мөрдөх, юуг яаж шийдэх вэ гэдгийг зохицуулдаг. Гэтэл АТГ-ын заавраар УИХ хууль баталж, түүнийг нь мөрддөг болох гээд байгаа юм уу. Эрүүгийн хуульд заасан 225 гэмт хэрэг байдгийн ихэнхийг цагдаагийн байгууллага шалгадаг. Албан тушаалын хэргийг АТГ шалгадаг. Гэтэл АТГ “Та нар манай шалгадаг хэргийг өршөөж болохгүй. Муусайн цагдаа нарын шалгадаг хэрэг бол хамаагүй" гэж байна. Гэтэл хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Баянзүрх дүүргийн аль нэг мөрдөн байцаагч УИХ-д чиглэл өгч, миний шалгасан тэр хэргийг өршөөгөөд үзээрэй гэж заавал ямар байх билээ.

-Гэхдээ албан тушаалын гэмт хэрэг нэг удаа хулгай хийгээд шоронд орсон хүүгийн хэргээс арай өөр гэх хүн олон байна. Албан тушаалаа ашиглаж татвар төлөгчдийн мөнгийг завшсан тухай асуудал тэнд яригддаг. АТГ-ын мэдээлснээр шалгагдаж байгаа 45 эрүүгийн хэргийг өршөөнө гэнэ. Тэд төрд 12 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа?


-Өршөөнө гэдэг ялаас нэг удаа өршөөх асуудал. Хохирлоо төлөх үүрэг нь гэм буруутай этгээдэд үлддэг. Хэрвээ тэр хэргүүд өршөөлд хамрагдвал өршөөгдсөн хүмүүс хохирлоо нөхөн төлнө. Ийм тодорхой асуудал дээр АТГ иргэдийг төөрүүлж, сэтгэл зүйгээр нь тоглож болохгүй. Ер нь харгислал, хэлмэгдүүлэлтийг явуулахдаа ариун сайхан уриа хэлдэг. Гитлер дэлхийг цэвэрлэнэ гэж байсан бол одоо АТГ “Авлигачдыг устгана, цэвэрлэнэ” гэсэн сайхан уриан дор харгислал явуулж байна. Ингэхдээ нийгмийн сэтгэл зүйг хоёр хуваачихсан. Нэгийг нь нөгөөгөөр үзэн ядуулж байна. Төрд ажил хийдэг бүхэн авлигачин, баялаг бүтээгчид авлига өгөгчид гээд ойлгуулчихсан. Ард түмнээр төрд ажиллагсдыг, баялаг бүтээгчдийг үзэн ядуулдаг. “Албан тушаалтнуудыг шоронд явуул, битгий өршөө” гэж орилуулдаг. Гэтэл АТГ-ын шалгасан болгон гэмт хэрэгтэн, муу хүмүүс биш. Ийм байдлаар үндэсний эв нэгдлийг бусниулж, цөөн хүн амтай улсыг хоёр хуваачихаж байна. Нэг талд нь АТГ гэдэг төрөөс том “улс” бий болчихож. АТГ шалгаж байгаа хэргээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэж, сэжиглэж байгаа хүнээ аль хэдийнэ гэмт хэрэгтэн гээд зарлачихдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгтэн гээд зарлачихсан хүнд ял өгөхгүй бол шүүгч өөрөө авлига авсан гэж харагдах гээд байдаг. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжаад олон нийт “АТГ шалгасан л бол тэр гэмт хэрэгтэн” гээд ойлгочихдог. Энэ нь шүүхийн шийдвэрт хүртэл нөлөөлнө.

-АТГ бүхнийг удирдаад байна гэж үү?


-АТГ-ын шалгаж байгаа хэргийг өршөөж болдоггүй. Цагдаа, тагнуулын шалгасан хэрэг өршөөгдөж болно гэж загнаж байна. Цагдаа, прокурорын байгууллага УИХ-ын ажлыг зааж, мэдэгдэл гаргаж байна уу. Үгүй шүү дээ. АТГ ганцаараа эрх мэдлээ харуулах, айлгахыг зорьж байна. АТГ ямар хууль гаргах, хэнийг өршөөх өршөөхгүй байх, хэнийг хэрэгтэн болгох гээд бүгдийг мэддэг болчихсон. Ингэж нэг байгууллага улс доторхи улс байж болохгүй. АТГ авлигачдын эсрэг тэмцдэг гэсэн хэрнээ, жинхнээсээ өөрсдөө авлигачдын гар хөл болж, тэдний дайсныг намнах үйл ажиллагаа явуулж байна.

Б.Анир

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш