logo
Завхан аймаг Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтнийг сэнтийд заллаа

Завхан аймаг Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтнийг сэнтийд заллаа

2015/08/13

Цаст Очирваань хайрхант нутагтаа дахин мэндэлж гийсэн Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны VII дүрээр батламжилсан Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын зарлигтай Данзанлхүндүв гэгээнтнийг Сэнтийд залах хүндэтгэлийн ёслолын үйл ажилллагаа 2015 оны наймдугаар сарын 2-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод болов. Гэгээнтнийг сэнтийд залах ёслолыг Завхан аймгийн ЗДТГ, ИТХ, Төгс буянт “Жавхлант” хийд, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс зохион байгууллаа. Сэнтийд залах хүндэтгэлийн ёслолд Эрдэнэ ноён хутагт Данзанлувсантүдэв, Жонан Ханчэн хувилгаан Лувсанчойдог нар оролцсон юм. Наро Банчэн гэгээнтний шавь нар Улаанбаатар хотоос 40 гаруй машинд хуваагдан сууж багшийгаа дагалдан Завхан нутгийг зорьсон байна.

Улиастай хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болсон сэнтийд залах ёслолд ойролцоогоор 5000 гаруй хүн оролцсон гэсэн мэдээллийг зохион байгуулах комиссоос өгсөн юм. Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн маргааш нь буюу 2015 оны наймдугаар сарын 3-ны өдөр Шилүүстэй сумын нутаг Их мянган уулын энгэрт байх Анидаа гэгээний гэрэлт хөшөө, эрдэнэт суварганд хүрч шашины зан үйлийн дагуу ном уншиж, Шилүүстэй сумдын ар иргэдтэй уулзан номын авшиг хүртээжээ. Харин 4-ны орой өөрийн төрсөн нутаг Отгонтэнгэр хайрханы өвөрт Долоон бурхан одны тахилга хийж, сүсэгтэн олны сэтгэлийг баясган, 5-ны өглөө Бадархундага нууранд дүлцэн өргөж, Очирваань хайрханаа тахих тайлга тахилгын зан үйлийг үйлдэн Говь-Алтай аймаг руу хөдөлжээ. Аливаа шашны зан үйлийн дараа бороо хур орж, тэнгэрт солонго татан байгаль дэлхий, лус савдаг баяссан сайхан өдөр хоногууд үргэлжилжээ.

Дашрамд дурьдахад долдугаар Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн XVII жарны "Цог нигуурт" хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн наймны Балжиннямтай билэгт сайн өдөр Отгонтэнгэр хайрханы өвөрт орших Завхан аймгийн Отгон суманд  эцэг Даарийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү нь болон мэндэлжээ. Наро Банчэн гэгээний 6 дугаар дүр Жүгдэрнамжил лагшин гэрэлт биеэ хураахаасаа өмнө “Би сайн цаг ирэх үед Цагаан уул талдаа, голоо өгсөж дахин төрнө” гэж ерөөл тавьсныг нутгийн зон олон ярьдагчлан Наро Банчэн гэгээний VII дугаар дүр Отгонтэнгэр хайрханы өвөрт төрж, 7 нас хүртлээ өөрийн нутагтаа амьдарч байсан байна. 

2014 оны аравдугаар сарын 9-ний өдөр Наро Банчэн гэгээний долдугаар дүрээр тодорч, Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамцаас батламж, соёрхолоо гардаж байжээ. Улмаар Улаанбаатар хотноо 2014 оны 11 сарын 2-ны өдөр Наро Банчэн Данзанлхүндүв хувилгааныг  Монголын  Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд шашин номын дагуу ширээнд залах хүндэтгэлийн ёслол үйлдсэн байна. Хутагт төрдөг нарны орныхон гэгээнтнээ сэнтийд залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг өндөр хэмжээн зохион байгуулжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш