logo
Монгол банкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал АТГ - т шалгагдаж байна

Монгол банкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал АТГ - т шалгагдаж байна

2011/05/18
Монгол банкны дэд Ерөнхийлөгч асан Д.Энхжаргал гэгч ашиг сонирхолын зөрчилтэй хатагтай албан тушаалаа ашиглан хувийнхаа банкыг додомдож байгаад дараа нь Лондонд Монгол банкны төлөөлөгчөөр томилогдсон. Улсын мөнгөөр тансаглаж, Лондонгийн хамгийн үнэтэй байранд суудаг энэ хатагтай үнэхээр хага баяжсан бололтой. Тэрбээр дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй, Тээвэр хөгжлийн банкны 49 хувийг 2009 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржид бэлэглэчихсэн байх юм.

Хамгийн сонирхолтой нь 2009 оны 07 дугаар сарын 23-нд Д.Батхүү, Д.Энхтайван, Д.Энхтуяа нар нь Тээвэр хөгжлийн банкны 49 хувь буюу өөрсдийн эзэмшиж байсан 3 тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий 3920 ширхэг хувьцаагаа бэлэглэлийн гэрээ байгуулан ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржийн 100 хувийн эзэмшлийн “Хамтдаа Чигээрээ” компанид бэлэглэсэн байна. Гэтэл “Хамтдаа чигээрээ” ХХК нь 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдаж улсын бүртгэлд нэг сая төгрөгийн дүрмийн сантай гэж бүртгүүлсэн байх юм. Хамгийн сонирхолтой нь тус компани байгуулагдсан өдрөө л банкны 49 хувийг бэлгэнд авсан байна. Асар өндөр үнэтэй бэлэг авсан Ц.Нанзаддорж нь Д.Энхжаргалын гэр бүлээс ийм бэлэг авах хэмжээний ах дүү, төрөл садан биш юм. Харин тэрбээр 1996-2011 оны хооронд төрийн өмч хувьчлалыг бүхэлд нь хувьчлах ажиллагааг гардан гүйцэтгэж байсан төрийн өндөр албан тушаалтан. Ц.Нанзаддорж өмч хувьчлалын газрын даргаар ажиллаж байх үед Д.Энхжаргал Монгол банкны хяналт шалгалтын газрын даргын албыг хашиж байсан аж. Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 1990 ээд оны эхээр “Автозам” нэртэй төрийн өмчит банк байсныг цөөнгүй хүн мэднэ. Зам тээвэртэй холбоотой бүхий л санхүүжилт мөнгө төгрөг энэ банкаар дамжиж гардаг байсан аж. Гэвч Д.Энхжаргал Монгол банкны хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдонгуутаа "Автозам" банкны үйл ажиллагааг зогсоосон аж. “Автозам” банкны захирлаар ажиллаж байсан н.Сангидорж гэгч эр тухайн үед банкныхаа үйл ажиллагааг нээлгэхээр Монголбанкинд удаа дараа хандаж, бас УИХ-д ч бичиг цаас шидэж, хоёр жил гаруй явсан гэдэг. Тэрбээр “Автозам” банкны үйл ажиллагааг зориуд зогсоож байна. Монгол банкинд хүсэлт гаргахаар Д.Энхжаргал дарчих юм. УИХ-д бичиг цаас өгөхөөр бас л таг. Д.Энхжаргал л манай банкны хувь заяагаар тоглочих шиг боллоо. Д.Энхжаргалын ах Д.Энхтайван УИХ-ын гишүүн. Тэр л миний өгсөн бичгийг дараад байх шиг байна” хэмээн ярьж байсныг мэдэх хүмүүс олон бий. Үнэндээ "Автозам"  банкны үйл ажиллагааг зогсоогоод нэг их удаагүй байтал тус банкны байранд Тээвэр хөгжлийн банк нэртэй хувийн банк босож иржээ.

Хамгийн сонирхолтой нь энэ банкны захирал нь Д.Энхжаргалын аав байлаа. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Д.Энхжаргал хатагтайн ээж Батхүү. Түүний нэр дээр энэ банкны 38 хувь байсан аж. "Автозам" банк тухайн үед 28-р авто баазын хажууд байрлаж байсан бөгөөд энэ байранд нь Тээвэр хөгжлийн банк үүдээ нээсэн байх юм. Тэд банк байгуулсныхаа дараахан 13-р хороололд ХОТШ банк байсан гурван давхар том байрыг эзэмшиж, Туул рестораны дэргэд байшин барилга барьж, Монгол банкны том албан тушаалтан өөрийнхөө хувийн банкыг өөд нь татаж эхэлжээ.

Тухайн үед “Автозам” банк яагаад “Тээвэр хөгжлийн банк” болсон. Яагаад төрийн өмчит банкыг Д.Энхжаргал яаж аавдаа авч өгснийг хэн ч сонирхсонгүй. Үнэндээ 1996 оны сонгуульд АН-ынхан бялууртлаа ялалт байгуулж, юу дуртайгаа авах гэж улайрч, түүхэндээ хамгийн том ялагдал амссандаа шартаж, хордсон Хувьсгалт намынхан өндийх ч тэнхэлгүй байсан тэр сиймхийг Д.Энхжаргал хатагтай тун овжин ашигласан хэрэг. Гэвч тэр энэ банкыг босгож, олон байшин барилга хувьчилж авсны нууц нь өнөөдөр л тайлагдаж байна. Д.Энхжаргал хатагтай Төрийн өмчийн хорооны өмч хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддоржтой хуйвалдан "Авто зам" банкыг дампууруулж, ХОТШ банк байсан гурван давхар том байрыг өөрийн болгосон бололтой. Тийм учраас Тээвэр хөгжлийн банкныхаа хувьцааг бэлэглэж байгаа нь тодорхой. Ингэж хардахаас ч өөр арга алга.

Д.Энхжаргал 1997 онд Тээвэр хөгжлийн банкийг хууль бусаар байгуулж, захирлаар нь өөрийн эцэг болох Данзанбалжирыг томилсон. Тэр үед ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын орлогч даргаар Ц.Нанзаддорж ажиллаж байсан. Мөн Д.Энхтайван нь их хурлын гишүүн байсан. Ц.Нанзаддорж ТӨХ-нд төрийн өмч хувьчлалыг хариуцаж байхдаа төрийн мөнгийг луйвардан Тээвэр хөгжлийн банкийг байгуулаад менежментийг нь Данзанбалжираар хийлгэж байж. Дараа нь өөрийнхөө өмчийг Данзанбалжирын хүүхдүүдээс бэлэглэлийн гэрээгээр буцааж авсан болж таарч байна. Хэрвээ тийм бол Д.Энхтайван нар анхнаасаа Тээвэр хөгжлийн банкны 49 хувь эзэмшигч биш харин ард нь Ц.Нанзаддорж гэж нууц ноёнтон байсан болж таарлаа. Эсвэл Д.Энхжаргал, Д.Энхтайван нар Ц.Нанзаддоржид банкны 49 хувийг бэлэглэх хэмжээний маш том өртэй, энэ өрөндөө банкны 49 хувиа авлига болгон түүнд өгсөн болж таарч байгаа юм. Эцсийн үр дүн нь бол банкны 49 хувийн далд эзэн бол яах аргагүй Ц.Нанзаддорж л болоод байна. Юутай ч энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байна. Энэ бүхний эцэст Монголын хамгийн цуутай банкир хатагтай Д.Энхжаргал төрийн өмч луйвардсан, хахууль өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт унаж магадгүй л юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүн, Лондон дахь Монгол банкны төлөөлөгчөөр ажилладаг, Монгол банкны өв залгамжилсан эрх хатан Д.Энхжаргалын ах Д.Энхтайван гэх эр өөрийгөө Трансбанкны ТУЗ-ийн дарга хэмээн хэвлэл мэдээллээр зарлаж, дотоод гадаадгүй нэг хэсэг нөхдүүдийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон баахан шуугиан тарьсан. Үнэндээ тэр банкаа бэлэглэчихсэн юм бол ямар ч хувьгүй, ТУЗ-ийн дарга ч хийх эрхгүй байж банкнаас сул цалин авдаг бас л луйварчин болж таарах нь. Тэд Транс банкны 51 хувийг эзэмшдэг байсан Швейцарь улсын иргэн Армин гэгчийг их хэмжээний мөнгө угаасан, мөн Транс банкийг цөлмөчихөөд Монголоос оргон зайлж олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн, бид ч түүнийг эрээд, сураад олдохгүй байгаа, харсан үзсэн хүн байвал хэлээч, Арминыг Монголд урин залж байна гэх зэргээр бичиж нэлээд том жүжиг тавьж байлаа. Гэвч нөгөө залилаад, цөлмөөд, оргоод ор сураггүй алга болж бас Монголд төдийгүй олон улсад ч эрэн сурвалжлаад олдохгүй байна гэж хэлээд байсан Армин нь нэртэй зүстэйгээ өөрийн биеэр гарч ирээд хэвлэлийн хурал хийлгэж, “Энэ удаад би монголчуудад зөвхөн үнэнийг хэлж, Д.Энхтайван болон түүний дүү Д.Энхжаргал нарын үнэн нүүр царайг Монгол банкны хууль бус ажиллагааны хамтаар илчлэхийг хүссэн юм. Д.Энхжаргал нь одоо Монголбанкыг Европт төлөөлөн Лондонд суудаг. Д.Энхжаргал зөвхөн намайг мэхлээд зогсохгүй Монголбанкны нэрийг барьж өөрийн хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж сурсан нэгэн. Би Д.Энхжаргалыг шударга дүр эсгэсэн цагаан захтай луйварчин гэж хэлмээр байна. Харин түүний ах Д.Энхтайван бол хэн ч итгэхээргүй залилагч бөгөөд өчүүхэн мөнгөний төлөө гэм зэмгүй хүмүүсийг хөнөөхөөс ч буцахгүй өөдгүй нэгэн гэдгийг ч бас хэлъе хэмээн мэдэгдэж байсан. Энэ үг ор хоосон зүйл биш гэдгийг дээрхи баримт нотлож өглөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш