Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 жилийн ойг тус тус тохиолдуулан Дархан-Уул аймгийг цахилгаан, дулаанаар найдвартай хангахад мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Дархан-Уул аймагт хүрэлцэн очиж гардуулж өгөв. Тус аймгийн “Залуучууд” театрт болсон хүндэтгэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, дарханчууд аа,
Дарханы дулааны цахилгаан станц байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулах түүхэн завшаан тохиолдсонд их баярлаж байна. Юуны өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан ДЦС-ын үе үеийн ажилчин, ажилтнууд, одоо ажиллаж байгаа бүх хүмүүс, тэдний гэр бүл, ойр дотнын бүх хүмүүст чин сэтгэлийн халуун баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Би одоогоос 22 жилийн өмнө, 1993 оны дөрөвдүгээр сарын сүүлээр П.Очирбат Ерөнхийлөгчийг ДЦС-ын ажил байдалтай танилцах үеэр дагалдан ирж байсан. Тухайн үед Дарханы ДЦС хүнд байдалд орсон, хэзээ зогсох бол гэхээр нөхцөлд байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр энэ станцад ажиллаж байсан Равдангийн Батаа ажиллаж байлаа.
Тэр үед ХБНГУ нь Монгол Улсын зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийг дэмжсэн Европын хамгийн том эдийн засагтай орон байсан. Ингээд ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээл тусламжаар Дарханы ДЦС-ыг шинэчлэх төслийг хэрэгжүүлсэн юм.
Өнөөдөр би Улаанбаатараас эртлэн гарч ДЦС-аар орлоо. Үнэхээр өнгө зассан, огт өөр байгууллага болсон байна. Гэрэл гэгээтэй сайн зүйлийг харахад сайхан байдаг. Станцын байдалтай сая танилцаж явахад олон зүйл харлаа. Хоёр зүйл сэтгэл их хөдөлгөлөө.
Нэгдүгээрт, О.Нямдаваа захиралтай танай хамт олны хүчин зүтгэлээр 1986 оны хүчин чадлаасаа давсан хүчин чадлаар одоо ажиллаж байна. Энэ бол үнэхээр том амжилт, том үзүүлэлт юм. Үүнд маш их баярлалаа гэж хэлье. Хоёрдугаарт, ISO 9001 гэсэн нийгмийн хариуцлагатай олон улсын стандарт, дэлхийн жишигт хүрсэн компани, хамт олон болсон байна. Олон улсын жишигт нийцсэн ийм үнэлэмж авсан та бүхэнд баярлаж байна.
Өнөөдөр гардуулсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон бол энд ажиллаж байсан болон өнөөдөр ажиллаж байгаа хүмүүст очиж байгаа шагнал гэж ойлгох хэрэгтэй. Мөн цаашид хийх ажлын урьдчилгаа гэж хүлээж авахыг хүсч байна. Шинэ амжилт тогтоосон та бүхэнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Аливаа ой бол өнгөрснөө дүгнэх, цаашид хийх ажлаа бодох том агшин байдаг. Энэ боломжийг ашиглаад дарханчууддаа, Дарханы ДЦС-ын хамт олондоо хандаж энд ажиллаж амьдарч байгаа бүх хүнд хамааралтай хэдэн зүйл хэлэхийг хүсч байна.
Эрчим хүчний салбар, эрчим хүч гэдэг бол аливаа улс орны эдийн засгийн мотор нь байдаг. Моторгүй машин явдаггүй. Хүний зүрхтэй адилхан. Дарханы ДЦС өнгөрсөн хагас зуун жилд Монгол орныхоо төвийн бүсийг эрчим хүчээр найдвартай хангах үүргийг гүйцэтгэж ирсэн. Одоо ч гүйцэтгэж байгаа. Энэ жил Улаанбаатарт гарсан аваарийн үеэр эрчим хүчний том хэлбэлзэл гарахад Дарханы ДЦС-ын хамт олон аварч гарсан, их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү.
Өнгөрсөн 25 жилд Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжих шилжилтийн үе байсан. Одоо ирэх 25 жилд Монгол Улс эрчтэй хөгжих, дэлхийн хөгжилтэй нийцсэн хөгжил рүү алхах агшин дээр ирээд байна. Үүнтэй холбогдуулж нийт дарханчууд, Дарханы ДЦС-ын хамт олонд хэдэн зүйлийг хандаж хэлэх гэсэн юм.
Дархан хот бол найрамдлын хот, интернациональч хот гэдгээрээ алдартай. Соёл, боловсрол хөгжсөн хот. Цаашид ч улс орны хөгжилд үлгэрлэн дагуулах ажлууд их байна. Эрчим хүч, дулаан бол үнэхээрийн их хэрэгтэй. Цаашид дэлхий даяар эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байгальд ээлтэй хөгжлийн асуудал гарч ирж байна. Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн орон болохын тулд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт ч юм уу, нэг газраас эхлэх ёстой. Би үүнийг Дархан хотоос эхлэх боломжтой гэж үзэж байна. Та бүхэн дулаан, цахилгаан, ус хэмнэх тал дээр онцгой анхаарч үлгэр дуурайлал үзүүлээч ээ. Та бүхэн сайн үлгэр үзүүлэхээс гадна та нарын үйлдвэрлэж, хангаж байгаа уур ус, эрчим хүчийг ариг гамтай хэрэглэх талаар үлгэр дуурайлал үзүүлмээр байгаа юм. Судалгаанаас харахад монголчууд гаргасан дулааныхаа 50 хувийг хаалга, цонх, тааз, шал, дээвэр гэсэн 5 газраар алддаг. Тэгэхээр та нар нэгдүгээрт, үйлдвэрлэж байгаа уур ус, эрчим хүчээ ариг гамтай хэрэглэх талаар үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үүнд хамааралгүй хүмүүс гэж байхгүй. Дарханд ирэх бүрт нэг шинэ зүйл нэмэгдсэн байдаг нь сайхан байдаг. Дарханы оршин суугч бүхэн одооноос дулааны алдагдал багатай зүйлээр байшин барилга, гэр орноо дулаалдаг болох юм бол эрчим хүчээ хэмнэнэ. Мөнгө хэмнэнэ. Энэ хэмнэсэн мөнгөө өөр зүйлд зарцуулж болно.
Дарханд машин их болсон байна. Дархан бол эвсэг цөөн хүн амтай, эрүүл агаартай хот учраас машинаар уралдах биш, дугуйгаар уралдах хэрэгтэй. Хотын захиргааныхан ч анхаараад авто замын хажуугаар дугуйн зам тавих хэрэгтэй.
Улс орны сайн сайхан ирээдүй өмнө маань байгаа. Монгол Улс эрчимтэй хөгжих зам дээр ирсэн. Дулаан, цахилгаангүйгээр улс орон хөгжихгүй. Олон олон шинэ үлгэр дуурайлал үзүүлэхийг та бүхэнд хүсэн ерөөгөөд танай хамт олон, энд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, бүх хүмүүст баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Дархан хотод дулааны цахилгаан станц барих шийдвэрийг 1961 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гаргаж 1965 оны аравдугаар сард 48 мВт хүчин чадалтай станцын нээлтийг хийж байжээ. Өдгөө энэ байгууллага жилд Монголын эрчим хүчний системд 200 сая кВт цаг цахилгаан, эрчим хүч, Дархан хотдоо 500 мянга орчим Гкал дулаан түгээж байгаа юм байна.
Тус станцынхан байгууллагынхаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг станцын гол зүрх болсон Цахилгаан цехэд 72 цаг хүндэтгэн байрлуулаад үүний дараа хүндэтгэлийн хоргонд залахаар боллоо.