МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА
ИЛ ЗАХИДАЛ
2015.08.10.
Улаанбаатар хот.
Таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье!
Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсний 90 жилийн түүхт ойгоо бид саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Монголын нисэх хүчин бол улс орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах, улс орноо бүтээн босгох, дэлхийн улс орнууд, гадаад ертөнцтэй Монгол Улсаа холбоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, Монголчуудын бүтээсэн үндэсний бахархалт нэгэн баялаг юм.
1989 онд Монгол Улс, иргэний нисэхийн талаархи Чикагогийн конвенцид нэгдэн орсноор НҮБ-ын мэргэжлийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн гишүүн орон болж, агаарын зайгаа үр дүнтэй ашиглах, төр ба хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид төрөн гарснаар зах зээлийн өрсөлдөөн бий болох, агаарын харилцаа хөгжиж гадаадын агаарын тээвэрлэгчдийн нислэгийн тоо нэмэгдэх, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээшлүүлэх өргөн боломж, хөгжлийн үүдийг нээсэн юм. Ялангуяа Иргэний нисэхийн салбарын бүтэц зохион байгуулалтыг олон улсын тэргүүлэх жишигт нийцүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Эдгээрийн үр дүнд ICAO-гийн аудит шалгалтанд өндрөөр үнэлэгдэн, үлгэр жишээ болон магтагдаж байсан нь саяхан билээ.
Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн “Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” 129 тоот тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газарт нэгтгэгдэн хэрэгжүүлж ирсэн агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагааны чиг үүргийг төрийн хяналт зохицуулалтын чиг үүргээс зааглаж “Иргэний нисэхийн үндэсний корпораци” үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэснийг салбарын ажилчид бид дэмжиж, удаан хүлээсэн дэвшилтэт шийдвэр гарлаа хэмээн талархан хүлээн авсан. Гэтэл дээрхи шийдвэр хэрэгжиж чадалгүй хэрхэн буцаж, будилж байгааг харахад, мөн үүгээр жишээлэн сүүлийн хэдхэн жилийн хугацаанд иргэний нисэх мэргэшсэн байдлаа улам бүр алдаж байгааг иргэний нисэх, агаарын тээврийн салбарын мэргэжлийн холбоод, мэргэжлийн ажилтнууд ажиглаж, нөхцөл байдлыг үнэн бодитойгоор мэдээлэх, сүүлийн үед ужиграад байгаа алдааг засаж залруулахад анхаарлаа хандуулна уу хэмээн энэхүү ил захидлыг Танд хүргүүлж байна.
Монгол Улс Чикагогийн конвенцид нэгдсэн орны хувьд олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага, зөвлөмжийг хэлбэрэлтгүй мөрдөх үүрэг хүлээдэг. Мөн Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон бусад холбогдох хууль, дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг, бусад салбарт жишээ болохуйц хамгийн нарийн эрх зүйн зохицуулалттай дүрэмжсэн, мэргэжлийн салбар юм. Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д иргэний нисэх, агаарын тээврийг улс орны стратегийн чухал ач холбогдолтой тэргүүлэх салбарт тооцож, төрийн түшээд, нам эвслийн удирдлагууд энэ салбарыг аль болох улс төржүүлэхгүй байх талаар удаа дараа мэдэгдэл хийж ирсэн боловч бодит байдалд Монгол Улсад хамгийн их улс төржсөн салбар болон хувирлаа. Улс төрийн нам, эвсэл, тэдний нэрийг барьсан зарчимгүй нөхөд салбарын бодлого, үйл ажиллагаанд гүнзгий хутгалдан оролцсноор бий болсон тогтолцоог үгүй хийж байна. Тухайлбал:
1. Хэдийгээр Улсын Их Хурал иргэний нисэхийн салбарын бодлогыг баталсан боловч өнөөдөр иргэний нисэх нэгдмэл, тогтвортой бодлогогүй мухардалд ороход хүрлээ. Тус салбарт хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлт нэртэй “улс төрийн томилгоо” нь төрийн албаны мэргэжлийн болон дадлага, туршлагын шалгуур үзүүлэлтүүдийг уландаа гишгэж зөвхөн хувь хүнд зориулагдсан шаардлагуудыг энэ салбарт тогтоох болов. Зөвхөн сүүлийн 2 жилд бүтцийн өөрчлөлт 4 удаа хийгдэж, тэр бүрт ИНЕГ улам данхайсан бүтэцтэй, илүү олон шат дамжлага бүхий нүсэр байгууллага болон хувирсан ба 2013 оноос хойш “үүрэг гүйцэтгэгч” дарга, дэд дарга нар энэ салбарыг удирдаж байна. Үүнээс шалтгаалан зөв оновчтой, цомхон бүтэц тогтоох, удирдлагын багийг ажлын үр дүнг нь харж болохуйц хугацаанд ажиллуулж, бодлого үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, хэрэгжүүлэх, сайн уламжлал, бодлого үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах нөхцөл боломж алдагдсан.
2. Иргэний нисэх, агаарын тээвэр нь дэлхийд маш эрчимтэй хөгжиж байгаа салбар, хөгжлийн энэхүү хурдацын хирээр шинэ технологи, аргачлалыг шуурхай нэвтрүүлж дэлхийн төвшинд үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл салбарын ажиллагсдын зайлшгүй хамрагдах, байнга боловсрох тухай иргэний нисэхийн дүрмүүдээр шаардсан мэргэжлийн сургалт, дадлагын зардал тогтмол танагдаж, гуйлга түүлгээр аргацаах байдалд хүрсэн атал үүнтэй харьцуулахад албан тушаалтнуудын гадаад, дотоод томилолтын зардал эсрэгээрээ тогтмол өсч, үр дүнгүй айлчлал, аялалууд хэрээс хэтэрлээ. Төсөв хөрөнгө салбарын хүрэх ёстой цэгтээ хүрэлгүй албан тушаалтнуудын нийгмийн халамж, гадаад дотоод томилгоо, үр хүүхдийнх нь сургалтад зарцуулагдах зэрэг үргүй зардлын жишиг тогтож байна.
3. Улс төржилтийн дүнд аюулгүй ажиллагааны гол хүчин зүйл болох боловсон хүчний бодлого, бүх шатны менежментийн тогтолцоо гажуудлаа. Нисэхийн салбар дахь мэргэжлийн өндөр боловсролтой, удаан хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан, салбартаа болон гадаадад танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн ажилтнуудыг бүтцийн өөрчлөлт нэрээр үндэслэлгүйгээр хоморголон халах, хяхаж хавчих байдал газар авлаа. Ялангуяа 2013 оны бүтцийн өөрчлөлтөөр энэ байдал хэрээс хэтэрч, бүтцийн хамгийн доод төвшинийг хүртэл хамрав. Салбарын хамгийн нарийн ойлголт, мэргэшил шаарддаг нисэхийн эдийн засаг, санхүү, хүний нөөц хариуцсан албан тушаалуудад дурын хүнийг шалгуургүйгээр томилох нь хэвийн үзэгдэл боллоо. Тэдгээр нь эргээд салбарын хэрэгцээ шаардлагыг төр засагт тайлбарлан, мэргэжлийн зөвлөгөө өгч чадахгүйгээс урт насгүй шийдвэрүүд гарч байна. Улс төржилтийн бас нэгэн хорлонтой балаг нь салбарын мэргэжилтнүүдийн дундах талцалыг дэвэргэж, улс төрчийн нөмөр нөөлөг хайсан дараагийн үеийн залуус бэлтгэгдэж байгаа явдал юм.
4. Үндэсний агаарын тээврийг хөгжүүлэх талаарх төрийн зохицуулалт тодорхойгүйгээс төрийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид нэг шугамд өрсөлдөж бие биесээ улдан чангаах, хэн ч үл хожих нөхцөл үүсэв. Бодлого ойлгомжгүй учраас агаарын тээвэрлэгчид бизнес төлөвлөлт хийхэд хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлого ёсоор 2016 он хүртэлх мөчлөгт дотоодын агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, цаашид бүс нутагтаа нээлттэй өрсөлдөөнд орох зорилттой атал эсрэгээрээ улс төржсөн салбарт бизнес эрхлэх нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд давшгүй даваа болж дотоодын агаарын тээвэрлэгчид эхнээсээ үйл ажиллагаагаа зогсоон дампуурлаа зарлах болов. Мэдээж үүнд эдийн засгийн байдал нөлөөлж байгаа ч түүнээс дутахгүй бэрхшээл нь ойлгомжгүй бодлого, шийдвэрийн удаашрал, тодорхойгүй хүлээлт, хүнд суртал байна.
5. Техник технологийн шийдэл, үндэслэл, судалгаа муутай, зайлшгүй хэрэгцээгүй бөгөөд хямд өртгөөр шийдэж болох боломжууд байсаар атал зардал өндөртэй тоног төхөөрөмжийг давхардуулан авах, үүнийгээ албажуулахдаа төр засгийг бодит бус мэдээллээр хангах, агаарын тээвэрлэгчдийн нэрийг барих байдал газар авлаа. Аливаа хөрөнгө оруулалтын эрэмбэ, ач холбогдол, үр өгөөжийг авч хэрэгсэхгүй байна. Үйл ажиллагаа уялдаагүй, зохион байгуулалтгүйгээс иргэний нисэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил, тухайлбал Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө боловсруулах, Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг иргэний нисэхийг ирээдүйн хөгжил дэвшилд хөтлөх олон арга хэмжээ хэрхэх нь тодорхойгүй хойшилсоор байна.
Салбарын ажиллагсад бид энэ бүгдийг олон талаас нь тунгаан үзвэл гол шалтгаан нь мэргэшсэн салбарыг улс төржүүлж байгаа явдал байна. Энэ байдлыг салбарын мэргэжилтнүүд дуугүй хараад суугаагүй бөгөөд засч залруулах талаар хандаж ирсэн боловч үл хэрэгсэх хандлага давамгайлж ирлээ.
Ийм байдлаар цааш үргэлжилж болохгүй, үүний хохирогч нь бид нийтээрээ болох тул иргэний нисэхийн салбарыг улс төржилтөөс ангид байлгах, улс төрийн аливаа тохироо хэлцэлд иргэний нисэхийн салбарыг хамруулдаг, нам, эвсэл, бүр хувь гишүүнд хуваарилдаг байдлыг таслан зогсоох шаардлагатай байна.
Монгол Улсад маань хөгжлийн их ирээдүй бий, түүний хөгжлийн нэг хүчин зүйл болох иргэний нисэх, агаарын тээвэрт асар их боломж бий, гэхдээ дээрхи гажуудлыг засахгүй бол бидний боломж улам алдагдах болно. Манай салбар ирээдүйн дэвшил рүү урагшлах уу, эсхүл өнгөрсөн хэдэн жилийн алдааг лавшруулан дампуурах уу гэдэг эгзэгтэй байдалд тулж ирээд байна. Удахгүй 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдох ASEM-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад агаарын тээвэр, иргэний нисэхээр аюулгүй үйлчлэх, 2017 онд ашиглалтад орох Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлыг хүлээн авах, 2018 онд ICAO-ийн аюулгүй ажиллагааны USOAP аудит шалгалтад дахин шалгуулах зэрэг чухал сорилтуудын өмнө дээрх байдлыг нэн даруй засаж зөв гольдролд нь оруулахгүй бол гарах муу үр дүнг таамаглашгүй. Та эдгээрт онцгой анхаарал хандуулж, Төрийн өндөрлөгийн хувиар, бас агаарын тээврээр зорчигч, үйлчлүүлэгч иргэний хувиар анхаарч, иргэний нисэхийн улс төржилтөөс ангид мэргэжлийн байдлыг хадгалахад бодлого шийдвэрээ хандуулна гэдэгт найдаж байна.
МОНГОЛЫН НИСЛЭГИЙН УДИРДАГЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН НИСЭХИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН АЭРОНАВИГАЦИЙН ИНЖЕНЕР ТЕХНИКЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ЗАЛУУ НИСЭГЧДИЙН ХОЛБОО