logo
Сонгуулийн хуулийн зарим асуудлаар санал хураалт явууллаа

Сонгуулийн хуулийн зарим асуудлаар санал хураалт явууллаа

2011/10/06
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж зарим асуудлаар санал хураалт явуулав.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд уг хуулийн төслийн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжив. Тухайлахад, сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэлийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэсгийг санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлахаар, мөн сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй оролцох эрх бүхий төлөөлөгчид /төлөөлөх байгууллага/ томилохоор тогтов.
Төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн ч байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн зарим саналаар дараа нь санал хураалт явуулахаар болж горимын саналыг гишүүд дэмжив. Эхлээд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон асуудлаар санал хураалгах үед гишүүн Ц.Батбаяр энэ асуудал бүрэн шийдэгдсэн эсэхийг лавлахад ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед энэ асуудлыг дэмжсэн. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуулийн пропорцианоль хэсэгт л саналаа өгөх эрхтэй байх юм. Гэхдээ тухайн иргэн өөрөө ирж бүртгүүлж саналаа өгөхийг тодотгож оруулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг ажлын хэсэг хүлээж авсан” гэсэн тайлбар өгөв.
Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүн З.Энхболд Сонгуулийн ерөнхий хороо бүх нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, нам, эвслийн танилцуулга, нэр дэвшигчийн намтар, танилцуулгыг агуулсан товхимлыг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө хэвлүүлэн улс даяар төлбөргүй тараах санал гаргасныг байнгын хороо дэмжээгүй ч нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн юм. Харин энэ саналыг Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацаа, техникийн хувьд бололцоо муутай гэж үзсэнийг ажлын хэсэг ярилцаад хасах санал оруулав. Энэ үед гишүүн З.Энхболд “Нэгдсэн хуралдаанаар дэмжсэн саналыг ажлын хэсэг хасахаар оруулж ирлээ. Энэ нь олон мандаттай нэг тойрогт л хамаатай асуудал. Иймээс гишүүд энэ саналыг төсөлд хэвээр үлдээхийг дэмжиж өгөөч” гэдгээ хэлсэн боловч санал хураалтаар гишүүд дэмжээгүй тул төслөөс хасагдав. Байнгын хорооны гишүүд дахин санал хураалгахаар оруулж ирсэн 13 саналыг бүгдийг нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогт хэдийгээр тус байнгын хорооны гишүүн биш хэдий ч зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн нь байнгын хорооны гишүүдийн дэмжлэг авлаа. Тэрбээр төслийн 38.3 дахь хэсэг дэх “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн амлалт авахыг хориглоно” гэсэн заалтын “сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгөн дүнгээр” гэдгийн дараа “хувь хишиг” гэж нэмэх санал гаргасан юм. Байнгын хорооны гишүүд энэ саналыг зарчмын хувьд дэмжиж тодотгон найруулахаар болов.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш