Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл өчигдөр Улсын төв номын санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1921 оны 11 дүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэн номын сангийн тасагтай байгуулагдсанаар одоогийн төв номын сангийн суурь тавигджээ. Тус номын сан нь ном түгээх, хадгалах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр БСШУЯ-ны мэдэлд ажилладаг агаад нийт таван хэлтэс, 76 ажиллагсадтай юм.
Номын сангийн захирал Х.Чилаажав хэлэхдээ, яамны мэргэжилтнүүд, олон улсын байгууллагуудтай хамтран номын сангийнхаа үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулж салбарын яамандаа өгсөн. Цаашдаа электрон, дижитал хэлбэрт шилжих, он лайн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа ороод байгаа. Ингэхийн тулд одоо байгаа хэлтсийн тоог гурваар нэмэгдүүлэх, мэргэшсэн номын санчдын тоог 91 болгох шаардлагатай байгаа гэлээ.
Тус номын сан хэдийгээр улсын төсвөөс санхүүждэг ч гэлээ төсөв мөнгөний хүрэлцээ муутайгаас шинэ номоор фондоо баяжуулах бололцоогүй байдаг аж. Уг нь тухайн жилд улсын хэмжээнд хэвлэгдэн гарч байгаа шинэ ном, товхимлоос нэг нэг ширхгийг авч фондод хадгалж байх ёстой ч хөрөнгийн боломжгүйгээс одоогоор шинээр гарч буй номын дөнгөж тал хувиас нь нэг нэг ширхгийг авдаг байна. Харин номын зохиогчид сайн санааны үүднээс хандивлах нь нэлээд байдаг ажээ.
Номын сангийн барилга анх 1947 онд баригдсан агаад тухайн үедээ нийт 500 мянган номтой байхаар тооцож барьжээ. Гэтэл одоо дөрвөн сая номтой, түүний нэг саяыг нь овор хэмжээ, жин ихтэй ном судар эзэлдэг байна. Барилгын насжилт өндөрсөж, чанар муудсанаас үнэ цэнтэй ховор ном бүтээлийг хадгалахад хүндрэлтэй болсон төдийгүй мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр ч удаа ашиглахгүй боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан юм байна. Мөн уншлагын хоёр танхимтай ч нийтдээ 240 хүний суудалтай учраас ачаалал ихтэй үед суудал хүрэлцдэггүйг Х.Чилаажав захирал хэлээд номын санг шинэ байртай болгоход парламентын зүгээс туслалцаа үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.
Түүнчлэн төв номын сангийн эрх зүйн статус тодорхойгүй, үйл ажиллагаагаа үлгэрчилсэн дүрмийн хүрээнд явуулдаг. Гэтэл зарим оронд үндэсний номын сан нь хааныхаа, парламентынхаа дэргэд байдаг жишигтэй. Иймээс эрх зүйн статусыг тодорхойлсон хууль гаргаж өгөхийг хүслээ. Мөн дэлхийн жишгээс харахад үндэсний номын сан нь үзэсгэлэн гаргадаг, өөрийн гэсэн галерей, архивтай, хүн амарч алжаалаа тайлах, оюуны гэгээрэл хүртэх орчин байдаг атал манайх дэндүү хоцорч яваа тул төсөв санхүү, мэргэжлийн боловсон хүчин, номын фондын хадгалалт, хамгаалалтын орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангахад ч төр, засгийн зүгээс анхаарах хэрэгтэй байгааг УИХ-ын дарга болон тэнд очсон УИХ-ын гишүүдэд дуулгалаа.
УИХ-ын дарга болон тэнд очсон УИХ-ын гишүүд тус номын сангийн захирлын санал хүсэлттэй холбогдуулан зарим зүйлийг асууж тодруулан санал бодлоо хэллээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:-Иргэн хэн боловч эрж хайж буй номынхоо талаар танайхаас лавлаж тодруулах боломж бий юү?
Х.Чилаажав:-Одоогоор бид дөнгөж монгол номуудаа электрон каталогид оруулж байгаа. Цаасан каталоги бол хангалттай бий. Харин түвд номын хувьд хүндрэлтэй. Уг нь манайх номын улсын хэмжээний нэгдсэн каталоги хийдэг байсан ч санхүүжилтийн улмаас 1994 оноос зогссон. Одоо үүнийг электрон каталогид шилжүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв лавлагаа хүсвэл манай мэргэжилтэн, ном зүйчид тусалдаг.
Д.Дэмбэрэл:-Эрсдлээс хамгаалах үүднээс үнэ цэнтэй ховор ном бүтээлийг өөр газар хувилж хадгалах талаар бодож санасан зүйл юу байна вэ?
Х.Чилаажав:-Энэ бол зайлшгүй анхаарч хийх ёстой зүйл. Үнэ цэнтэй ховор ном бүтээлүүд гол төлөв ганц хувь байдаг. Иймээс юуны өмнө дижитал хувилбарт шилжүүлэх ажлыг хийж байна. Төслийн хүрээнд түвд номын фондын ном судрын гучаад хувийг электрон хэлбэрт шилжүүлээд байгаа. Номын архивын талаар ч анхаарах асуудал бий.
Д.Дэмбэрэл:-Чулуун номын жагсаалт бий юү?
Х.Чилаажав:-Нэгдсэн лавлагаа байхгүй. Эрдэмтдийн судалгаа шинжилгээний бүтээл туурвилууд бол нэлээд бий. Монгол Улсад байгаа дэлхийд хосгүй өвийн жагсаалтыг гаргахаар төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:-Хотын төвд байртай атлаа өөр газар барилга барих тухай яриад байх нь зөв юм уу? Энэ байраа өргөтгөх газар байхгүй юу?
Х.Чилаажав:-Төв номын сангийн шинэ байр барихаар 2007 онд АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо газар авч шав тавьсан юм билээ. Тэр газар нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэлд байсныг бид хөөцөлдөж байгаад Төв номын сангийн мэдэлд шилжүүлж авсан. Эндээ барилгаа өргөтгөх хэмжээний газар байхгүй.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл:-Хуучин барилгаа нурааж устгах биш бусад орны адилаар барилгынхаа нүүрэн талыг хэвээр нь авч үлдээд ар талд нь шинэ байр барьдаг аргыг анхаарах нь зүйтэй юм. Энд байгаа газраа ашиглан барилгаа өргөтгөх, хуучин барилгынхаа ерөнхий дүр төрх дизайныг хадгалах чиглэлээр зураг төслөө гаргавал дэмжихэд бэлэн байна. Харин нэгэнт авсан тэр газартаа архив, бусад салбар нэгжээ байршуулж болох юм гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Д.Очирбат нар ч энэ саналыг дэмжиж байлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалтын эцэст нь хэлэхдээ, номын сангийн барилгыг өргөтгөж барихад хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлье гэдэг дээр гишүүд санал нэгтэй байна. Иймээс дээд зэрэглэлийн номын сантай болохын тулд та бүхэн зураг төслөө сайн хийх, байршлаа зөв тогтооход анхаарах нь зүйтэй. Барилгын ажлыг эхлүүлэхэд зориулж ирэх жилийн төсөвт Засгийн газраас тусгасан мөнгийг дэмжиж байна. Цаашдаа барилга барих, засварлахад зориулан тодорхой хөрөнгө мөнгө гаргах талаар Засгийн газарт протоколоор чиглэл өгье.
Хууль эрх зүйн тухайд салбарын яам, ШУА, төв номын сангийн холбогдох хүмүүсийг оролцуулан ажлын хэсэг байгуулж төсөл бэлтгэхэд УИХ-ын Тамгын газар анхаарч туслах нь зүйтэй. Үндэсний номын сангийн статус ямар байх, бусад томоохон номын сангуудтай хэрхэн харилцаж байх, ховор ном бүтээлийг яаж хадгалж хамгаалах, олон нийтэд яаж хүргэж сурталчлах, архивыг хэрхэн бүрдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг яаж явуулах зэргийг энэ төсөлд сайн тусгасан байх шаардлагатай гэлээ.
Shuum.mn