logo
МАН доторх маргаан ширүүслээ

МАН доторх маргаан ширүүслээ

2011/10/07
Сонгууль дөхөж буй энэ үед УИХ-д олон суудалтай МАН-ынхан дотроо том хагаралтай байгаа нь улам ил болсоор байна.  Төрийн ордны гадна,  “Элит” төвд хаалттай хийсэн УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хаалттай хуралдааны үеэр МАН доторх маргаан ширүүсчээ. Оюутолгойн сэдвийг хөндөн ярих үед МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд сөрөг байр суур баримталж буй гишүүдээ “улс төр хийлээ, бие биеэ айлгалаа” хэмээн загнаж намын доторх уур амьсгалыг эвдлээ гэж дүрэмдсэн байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар өөрчлөлт оруулах ёстой хэмээн шаардсан гишүүдийг “Улстөржлөө” гэж загнасны хариуд Б.Бат-Эрдэнэ  нарын гишүүд “УИХ-ын шийвэрийг биелүүлэхийн төлөө үг хэлж байгаа бид муухай юу, алт мөнгөтэй зууралдаж амин хувиа хичээгчид муухай юу” гэсэн утгатай үг хэлж гал дээр шар тос нэмэх гэгч болгожээ.
Энэ оны улсын нэгдсэн төсөвт оруулах гэж буй тодотголыг эсэргүүцсэн гишүүд ч цөөнгүй гарсан байна. “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна. Ерөнхий сайд сул ажиллалаа. Одоо төсөвт тодотгол хийлээ гэхэд ганцхан сарын дотор юу ч хийж чадахгүй. Гол нь хөрөнгө оруулалт дутуу хийсэн барилгын ажлуудыг үргэлжлүүлэх гэж тодотгол хийх гэж байгаа. Гэтэл газар хөлдөхөд ганц сар дутуу байна. Ийм үед тодотгол хийх онцын шаардлагагүй” гэцгээжээ.
Мөн тэтгэврийн мөнгийг ганц Хадгаламж банкаар олгохоор болсон нь буруу. Юуны учир, хэний төлөө Хадгалаж банкийг дэмжээд байна вэ. Энэ хэний банк вэ. Иргэдийг чирэгдүүлэлгүй 21 мянган төгрөг, тэтгэврийг нь олго. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмснээс үүсэх үнийн хөөрөгдлийг хэн хариуцах вэ гэх мэтээр мэтгэлцэж ширүүн уур амьсгал дунд хаалтай хуралдаан болж өндөрлөжээ.
Сангийн яам Ардчилсан намын мэдэлд байгаа нь хөрөнгийн дийлэнх Ардчилсан нам руу урсах шалтгаан болж байна хэмээн зарим гишүүн үзэж, боломжтой бол Сангийн яамыг тэднийхээс салгаж МАН-д авъя гэсэн санал гаргасан байна. Сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр нэлээд нухацтай ярилцжээ. Инфляцийг хөөрөгдөлгүйгээр нэг сая төгрөгөө хэрхэн хуваах вэ гэдэг асуудал МАН-ынхны толгойг багагүй гашилгасан сэдэв болжээ. Төрийн албаныхны цалин, өндөр настны тэтгэврийн мөнгийг 53 хувь нэмэгдүүллээ гэхэд хувийн хэвшлийнхнийг яаж хохирол багатай үлдээх вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлцгээжээ. Сонгогчдын дийлэнх хувийн хэвшилд ажилладаг, тэдний цалинг төрөөс зохицуулах боломжгүй, төрийн албаныхны цалин хөлс 600 мянгаас дээш гараад ирэхээр хувийнхны зүгээс үүсч болох гомдол, маргааныг хэрхэн зохицуулах гээд гал унтраах бишгүй олон асуудал үүсээд буй талаар ярилцсан гэж зарим эх сурвалж хэлж байна. Ямар боловч УИХ-д олон суудалтай нам мэдэлдээ Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамыг заавал төвлөрүүлэх ёстой. Гэтэл Сангийн яам гадна байгаа алдааг залруулах ёстой гэсэн сэдвийг гишүүд нэлээд тойрч ярьжээ. Хэрэв ингэлээ гэхэд Ардчилсан намд нэг яам хариу өгөх ёстой. Тэгвэл хэл амтай, сонгууль дөхөөд ирэхэд бүтэлгүй гэрээнүүдээс болж толгой цусдаж мэдэх, сайдыг нь огцруулах асуудал удаа дараа сөхөгдөөд буй  Эрдэс баялаг, эрчим хүчний яамаар “тулгаж” солио хийж болохгүй юм уу гэсэн санал ч гишүүдээс гарсан сурагтай байна. Оюутолгойн асуудлыг ч цухас хөндөж, УИХ-ын дарга намрын чуулганы нээлтийн үгэндээ сөрөг байр сууртай 20 гишүүнийг дэмжсэн үг хэлснийг бодож үзэх ёстой гэжээ. 
Сонгуулийн хуульд мажоритар давамгайлсан холимог тогтолцоог авах байр сууриасаа ухрахгүй байхыг МАН-ын гишүүд харин 100 хувь дэмжсэн сурагтай.
Д.ОЮУН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш