logo
Сайд Л.Пүрэвсүрэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилонитой уулзав

Сайд Л.Пүрэвсүрэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилонитой уулзав

2015/09/30

Есдүгээр сарын 28-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилонитой уулзав.

Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ойрын хугацаанд Итали Улсад айлчлах, айлчлалын хүрээнд Миланы Экспо-д Монголын тухай үзэсгэлэн гаргах, бизнес форум зохион байгуулах талаар ярилцав. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, Монгол, Италийн ЗГХК-ын хуралдааныг зохион байгуулах, Итали Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад байгуулах асуудлаар харилцан ярилцав. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн монголын оюутан, мэргэжилтнүүдийг Италийн их дээд сургуульд тэтгэлгээр сургах, соёл, урлаг ялангуяа дуурийн дуулаачийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Тэрбээр Монгол, Итали Улсын хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой бөгөөд ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Итали Улсад экспортлох, Итали Улсаас арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник, технологи, дизайныг нэвтрүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.

Хоёр улсын сайд нар олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биеэ харилцан дэмжиж ажиллах, Монгол Улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд дэмжих, Итали Улсыг Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд дэмжлэг үзүүлнэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв.

Сайд Л.Пүрэвсүрэн 2016 онд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд Итали Улсын туршлагаас судлах, Итали Улсаас өндөр, дээд хэмжээнд төлөөлөгч оролцуулахыг хүсэлт болгов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш