logo
“Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармаг болно

“Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармаг болно

2015/09/30

Монгол Улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол зэрэг олон шалтгаанаас байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, ногоон технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа олон нийтийн тулгамдсан асуудал болсон.

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахаар Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлэгч “Каритас Чех Репаблик” Олон Улсын байгууллага болон Байгаль Орчин Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв хамтран “Ногоон Барилга 2015” үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг барилгын салбарт нэвтрүүлэгч ЖДҮ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнэ төлбөргүй хамруулж, олон нийтэд таниулан сурталчлах, иргэдэд ногоон барилга, технологийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Үзэсгэлэнд:

  • Төрөл бүрийн эко цахилгаан халаагуур
  • Цахилгаан зуух
  • Бие даасан цэвэрлэх байгууламж
  • Хонины ноосон дулаалга
  • Эко будаг, эмульс
  • Эко дээвэр
  • Гэрэл, гэрэлтүүлэг
  • Эрчим хүчний хэмнэлтийн тухай гарын авлага
  • “Киви” ногоон хэрэглээний зээлийн танилцуулга гэх мэтчилэн анх удаагаа барилгын салбар дахь “Ногоон” техник, технологи нэг дор танилцуулна.

Үзэсгэлэн яармагийн хүрээнд “Монголд ногоон барилга баригдах боломж ба шийдэл” сэдэвт семинарыг аравдугаар сарын 2-ны 9:00 цагт “Corporate and Convention Center”-т зохион байгуулна. Семинарын зочдоор “Монголын Архитекторуудын эвлэл”, ШУТИС, “Каритас Чех Репаблик” ОУБ, “Цэвэр Хөгжлийн Төв” ТББ-ын төлөөллүүд оролцож, илтгэл тавина.

Холбогдох утас: 70113333, 99000981

Вэб: nogoon.barilga.mn

И-мэйл: expo@barilga.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш