logo
Иргэдийн гар дээр байгаа байлдааны зориулалттай бууг төр эргүүлэн худалдаж авах уу

Иргэдийн гар дээр байгаа байлдааны зориулалттай бууг төр эргүүлэн худалдаж авах уу

2011/10/08
Иргэдийн гар дээр байгаа бууны нэлээдгүй хэсэг нь хүчний байгууллагаас иргэдэд зарсан байлдааны зориулалттай буу байдаг аж. Энэ асуудал өчигдөр Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх үеэр яригдлаа. Манай улсын иргэдийн гар дээр 40894 мянган галт зэвсэг бий гэсэн бүртгэл бий аж. 2005 онд иргэдийн гар дээр 33160 галт зэвсэг байсан бол  2008 онд 38355, 2009 онд 39271 гэх мэтээр өссөөр иржээ.
2008 онд галт зэвсэг ашиглан үйлдсэн хэрэг 71 гарч байсан бол 2010 онд 27 болон буурчээ. Цагдаагийн байгууллага галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн судалгаа гаргах, нөхөн илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа болон алдагдсан галт зэвсгийн тооллого явуулж, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг илрүүлэх, гэрчилгээжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлж байгаа хэдий ч эдгээр ажлын үр дүн иргэдийн аюулгүй байдлын баталгаа болж хараахан чадахгүй байгаа юм байна. 
Иргэдийн гар дээр ихэвчлэн “Тоз-8”, “Сайга”, “ЗКК-600”, “Винтов”, “Карабин”, “Иж-18” (дробовинк) зэрэг галт зэвсгээс гадна байлдааны зориулалттай “АКМ”, “Бирдан”, “Медведь”, “СКЗ”, “Марс”, “Макаров” гэх мэт галт зэвсэг ч олноороо байгаа юм байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаас доорх тодруулгыг хүссэн. Тэрбээр, “40.000 гаруй мянган буу бүртгэлтэй байгаагийн дийлэнх нь хүчний байгууллагаас иргэдэд зарсан буу байдаг юм байна. Байлдааны зориулалттай эдгээр буунуудыг төр эргүүлэн худалдан авах хэрэгтэй. Үүнд хэдий хэрийн мөнгө зарцуулах шаардлагатай вэ. Сүүлийн үед Засгийн газрын гишүүд, улстөрчдөд буу бэлэглэдэг моод дэлгэрч. Улстөрчдөд яах гэж буу өгөөд байгаа юм бэ” хэмээн асуусан. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн тайлбарласнаар, 1990-ээд онд нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх үеэр хүчний байгууллагаас олон тооны байлдааны зориулалттай бууг бусдад худалдсан байдаг аж. Эдгээр буунуудыг эргүүлэн худалдан авах хэрэгтэй гэсэн байр суурийг сайд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ иргэдийн гар дээр байгаа байлдааны зориулалттай бууг худалдан авахад гурван тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Харин Сангийн яамнаас ийм хөрөнгө гаргах бололцоогүй гэсэн хариуг өгсөн аж. Мөн тэрбээр, “Бэлгийн журмаар ганц нэг гар буу хүмүүст өгдөг гэсэн. Гэхдээ миний гараар дамжин очсон буу байхгүй гэдгийг хэлмээр байна” хэмээн хариулсан юм.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн. Уг хууль батлагдвал бууг хадгалах, сум, замгийг нь салгах тухай сургалтад суусан иргэдэд галт зэвсэг эзэмших эрхийг олгодог болох гэх мэт хэд хэдэн зохицуулалтууд бий болох юм байна.
Г.Онон
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш