logo
Ерөнхий сайд Фрийдландын хувийн онгоцоор ганцаарчихсан аялал хийсэн үү?

Ерөнхий сайд Фрийдландын хувийн онгоцоор ганцаарчихсан аялал хийсэн үү?

2011/10/08
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр сүүлийн гурван жилд нэгдсэн төсвийн орлого 88,6 хувь, нэгдсэн төсвийн зарлага 72,9 хувьд хүрч, улсын төсвийн хөрөнгө оруулалт тогтмол 28,6 хувиар өсч, нэгдсэн төсвийн алдагдал 42.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 50.3 хувиар, үүнээс гаалийн татварын орлого 1.6 дахин өсч 1 их наяд 23 тэрбум 312 сая төгрөгт хүрээд байгаа аж.
2011 онд 60 мянган шинэ ажлын байр бий болгох зорилтын биелэлт 90 хувьтай байгаа гэлээ. Оны эхний 3 улирлын байдлаар 54.7 мянган ажлын шинэ байр бий болсон аж.
    Эрүүл мэндийн салбар, боловсролын салбарт бүтцийн томоохон ахиц дэвшил гарч байгааг тэрбээр мөн дурдсан. Засгийн газрын хөтөлбөрт туссан нийгмийн салбарын зорилгууд үе шаттайгаар хэрэгжиж байгааг Ерөнхий сайд тоо баримттайгаар танилцуулсан юм.
    Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалтад шууд болон гэрээт хэлбэрээр нийтдээ 11,000 гаруй монголчууд өнөөдрийн байдлаар оролцож байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд ил уурхайд 600 орчим хүн ажлын байртай болохоор байна. Төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжин үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа эхлэх үед нийт ажилчдын 90 гаруй хувь буюу 3500 гаруй монголчууд байнгын ажлын байраар хангагдах болно гэлээ. 
Тавантолгойн орд газарт төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани олборлолтоо эхэлж, төсөв, Хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Энэ ондоо багтаан 1 сая тонн, ирэх онд 3-4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх ажлыг 2011 оны 3 дугаар сард хэрэгжүүлж, иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болж, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааг арилжих бэлтгэл ажлыг эхлүүлээд байна гэлээ.
Ерөнхий сайд мэдээллийнхээ дараа гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.  УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Өчигдөр ҮАБЗ-ийн гурван гишүүний хамтарсан мэдээллийн дараа Засгийн газар, Рио Тинтогийн хамтарсан мэдэгдэл гарсан. Энэ мэдэгдлийг та ганцаараа шийдэж гаргасан уу, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үү. Хэлэлцсэн бол хэдийд хэлэлцсэн бэ. Ерөнхий сайд та Сингапурт өнгөрсөн жил айлчлахынхаа өмнө Тайланд руу Роберт Фрийдландын хувийн онгоцоор ганцаарчихсан аялал хийж албан бус уулзалт хийсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү” хэмээн лавласан.
Ерөнхий сайд С.Батболд, “Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийн асуудлаар ажилладаг Засгийн газрын ажлын хэсэг бий. Энэ ажлын хэсэгт холбогдох сайдууд, мэргэжилтнүүд орсон их өргөн бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсэг нөхцөл байдлаа хэлэлцэн үр дүнг Ерөнхий сайдад танилцуулдаг. Хэвлэлийн мэдэгдлийг ажлын хэсэгтэй зөвшилцөн, ажлын хэсгийн саналын дагуу гаргасан.
Фрийдланд гэдэг хүний хувийн онгоцоор явж үзээгүй. Тийм бодол ч алга байна” гэсэн хариулт өгсөн юм.
Иргэн бүр Таван толгойн 532 хувьцааг эзэмшинэ гээд байгаа. Энэ хувьцаа чинь хэдийд амь орж иргэдийн гар дээр очих юм бэ гэсэн асуултад тэрбээр доорх тайлбарыг өглөө.
“Таван толгойн орд газар Зүүн Цанхын хэсгийг ашиглалтад оруулаад эхлээд байна. Удахгүй баруун Цанхын үйл ажиллагааг эхлүүлнэ. Зарим асуудалд ойлголцлын зөрүү гарсан болохоор цаг хугацаа орохоор байна. Гэхдээ ажлыг яаралтай эрчимжүүлэх талаар анхаарч ажиллаж байна. Одоо бол нэг дугуй нь хөдөлж байна. Сашин хөдлөхийн тулд хоёр дугуй шаардлагатай. Таван толгойн ажлыг бүрэн хэмжээгээр эхлүүлснээр хувьцааны үнэ цэнийг мэдрэх болно. Үүний тулд бид бүгдээрээ ажиллах ёстой” гэсэн юм.
“Иргэд их хэмжээний самар түүгээд хураачихаад байхад самар гаргахыг хориглосон шийдвэр гаргажээ. Иргэдийн орлого нэмэгдүүлнэ гэсэн яасан бэ. Нэг суманд тэрбум төгрөгийн самар хураачихсан ч байна. Энэ асуудлыг шийдэх бололцоо байхгүй юу гэсэн асуулт ч гарсан.
БОАЖ-ын сайд Л.Гансүх, “Самрын их ургацын жил хоёр жилд нэг тохиодог байлаа.  Гэтэл уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс болоод мод маш их гэмтсэн. Түүнээс болоод самрын их ургацын жил 5-6 жилээр хойшилж байна. Уг нь самрыг 10 сараас түүх ёстой. Хэрвээ одоо түүчихсэн бол хууль бусаар түүхий самар түүсэн гэсэн үг. Хөрш орны зарим хүмүүс урьдчилаад мөнгө тараагаад самар авна гэснээс болоод иргэд мод гэмтээн түүхий самар түүгээд байгаа юм.
Тиймээс экологийн байдлаа бодоод энэ жил самрыг экспортлохгүй өнжөөж байж үрийг нь авч үлдэх зорилго тавьсан юм” гэсэн хариултыг өгсөн.
Таван толгойн Зүүн Цанхын нүүрсийг тонн-ыг нь 70 хүрэхгүй ам.доллараар худалдаалж байгаа гэсэн мэдээлэл байгаа энэ үнэн үү хэмээн З.Энхболд гишүүн асууж байлаа. ТӨХ-ны дарга Д.Сугарын өгсөн мэдээллээр бол энэ үнэн аж. Тэрбээр одоогоор дөрөвдүгээр давхаргын буюу өнгөн хэсгийн нүүрсээ олборлож байгаа бөгөөд энэ нь хамгийн чанар муутай нүүрс болохоор 70 хүрэхгүй ам.доллараар борлуулагдаж байгаа гэнэ. Тэгээд тэр газар олборлолт явуулж байгаа гадны компанитай хийсэн гэрээ ёсоор бол тус компаний сая тонн нүүрс олборлон дээрх үнээр гаргасны дараа нүүрсний үнэ жинхэнэ зах зээлийнхээ горимд шилжинэ гэж тэрбээр хэлсэн. Нэг сая тонн-ыг олборлож байтал бараг нөгөө сайн чанарын нүүрсэндээ хүрчих байх гэж Д.Сугар дарга хэлсэн.
Г.Халиун
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш