УИХ-аар 2015 оны долоодугаар сарын 09-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хуулийн шинэчилсэн найруулгыг батлаад 2016 оны нэгдүгээр сарын 01-ий өдрөөс дагаж мөрдөхөөр болоод байна.
2014 оны тавдугаар сарын 19 нд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлсүгэй” хэмээн УИХ-ын дарга захирамжилсан байсан тэр үед бид “Бизнес эрхлэгч олон хүнийг шүүхийн хаалга татуулж хөрөнгө мөнгөгүй болгох, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулах нөхцөл”-ийг бүрдүүлсэн өмнөх хуулийн гажуудлыг арилгаагүй, уг гажуудлыг улам хамгаалсан хэрэгслүүдийг нэмж оруулсан, өөрөөр хэлбэл, “НӨАТ төлөгчийн босгыг 50,0 сая төгрөг болгосон” гэдгээр халхавч хийж гажуудалтай хуулиа хэрэгжүүлсэн “зэвсэгтэй” болж жижиг дунд бизнес эрхлэгчдийг боомилох хуулийн төсөл болсон байна гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэнтэй санал нэг байна” гээд одоо мөрдөж байгаа НӨАТ-ын тухай хуульд, борлуулсан алт /13.1.13/ борлуулсан сонин /13.1.14/-г НӨАТ-аас чөлөөлнө гэж заасан байдаг. Гэтэл “борлуулсан алт”-ыг үлдээгээд “борлуулсан сонин” гэсэн заалтыг хассан байна. Мөн “валют солих үйлчилгээ” /13.5.1/-г НӨАТ-аас чөлөөлнө гэж тусгажээ” гэдгийг тэмдэглээд сонин хэвлэл төдийгүй бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироосон заалт бүхий хуулийн төслөө татан авч шаардлагатай өөрчлөлтүүдийг дахин оруулахыг шаардсан шаардлагаа олон нийтэд мэдээлж байсан.
Гэвч “санхүүгийн реформ хийнэ, далд эдийн засгийг ил болгох арга” гэдгээр гул барин иргэдийн худалдан авах чадвар нэн доройтсон ийм цаг үед “Зөвхөн хэрэглэгчид л НӨАТ-ын 10 хувийг төлнө” хэмээн бизнес эрхлэгчдийн тархийг угаан “гажуудалтай хууль”-аа дордуулан баталсан байна.
Уг хуульд “НӨАТ-ын урамшууллын тохирол, буцаан олголтыг зохион байгуулах” үүрэг бүхий “Нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээд” гэсэн “борлуулалтын талон”-ыг бүртгэж нэгдсэн санд мэдээлж байх “оператор” компанийг бий болгохоор заажээ. “Компани, дэлгүүрт байрлуулах кассын машин нь 1,5 сая төгрөг гэнэ, түүний талоныг хянах 400 оператор компанид 8000 шахам хүн ажиллана, энэ системийг 1,5 сая ам.доллараар хийсэн, 2017 оны 01 сарын нэгнээс Таны төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцаан олгоно, ЛОТО сугалаа ажиллуулна” гэсэн мэдээллүүд ч хэвлэлээр цацагдаж байна.
НӨАТ нь үнэхээр улсын эдийн засгийг эрүүлжүүлэхэд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд дарамтгүй, иргэдийн халаасыг улам хоослохооргүй бол хэн ч эсэргүүцэхгүй.
Гэтэл шинээр батлагдсан НӨАТ-ын тухай хуульд “Бүх төрлийн бараа ажил үйлчилгээ”-нд НӨАТ ногдуулна гэсэн хэрнээ Албан татварын тэг /”0”/ хувь хэрэглэх /12 дугаар зүйл/, Албан татвараас чөлөөлөх /13 дугаар зүйл/ бараа ажил үйлчилгээнд олон улсын зорчигч ачаа тээврийн үйлчилгээ, ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн, борлуулсан алт, дотооддоо тарьсан үр тариа хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, ипмортоор оруулсан мод, экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир, валют солих үйлчилгээ, банкны үйлчилгээ, зээл олгох үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, шашны байгууллага, төрийн байгууллага, нийтийн тээврийн, оршуулгын, соёлын өвийг сэргээх засах гэх мэтээр 50 гаруй нэр төрлийн бараа, ажил үйлчилгээг хамруулжээ. Үүгээр ч тогтохгүй Засгийн газар “орхигдсон бараа үйлчилгээ”-гээ хамруулахаар 09 дүгаар сарын 14-нд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж энэ 7 хоногийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байна.
Албан татвараас чөлөөлж буй эдгээр заалт нь НӨАТ бол бизнес эрхлэгч, ажил үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчдэд “дарамттай” гэдгийг нотолж байна.
Мөн 50 сая төгрөгнөөс доош борлуулалт хийдэг бизнес эрхлэгчид “албан татвар суутган төлөгч”-өөр бүртгүүлэхгүй байж болохыг хуульчилсан. Энэ нь “нэг хэсэг нь НӨАТ төлөгч, нэг хэсэг нь НӨАТ төлөгч биш”-ээс үүдэлтэй хуурамч падаан, баримтын будлиан, эсвэл НӨАТ суутган төлөгчийн нуруун дээр бүх ачааг үүрүүлдэг гажуудал хэвээр байгааг харуулж байна.
Монгол улсын төр, засаг “НӨАТ-ын тухай хууль зайлшгүй хэрэгтэй, зарим бараа, ажил үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөөс өөр аргагүй, мөн мэргэжлийн хүмүүс, зарим хууль санаачлагчдаас санал болгосон “НӨАТ-ыг Худалдааны албан татвараар солих шаардлагагүй” үзэж байгаа бол Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин хэвлэл уншигчдад НӨАТ-ын дарамт үүрүүлж байгааг бид эсэргүүцэж байна.
Олон нийтийг мэдээллээр хангах онцгой үүрэг, төрийн үүргийн чухал хэсгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд бор зүрхээрээ үүрч яваа.
Иймд сонин хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд төдийгүй бизнес эрхлэгчид, иргэдийн эрх ашгийг хохироосон хуулиа эргэн харж өөрчлөхийг эрхэм хууль санаачлагч, УИХ-ын гишүүд Та бүхэнд УРИАЛЖ байна.
Хэвлэлийн эрх чөлөөг бодитоор хангахад санхүүгийн хараат бус байдал, чадавхи туйлын чухал учраас хэвлэл мэдээллийн салбар руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоод, нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хөрөнгө оруулагчид энэхүү уриалгад дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа тэмцэхийг уриалж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
2015.10.07