Оюутолгойн гэрээг байгуулснаас гуравхан сарын дараа “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компаниуд хөрөнгө оруулагчийн харьяаллаа Нидерландын вант улс руу шилжүүлснээр Монгол улсад төлөх ёстой 6 тэрбум долларын ноогдол ашгийн татвараас зугтах замаа аль хэдийнэ засчээ”
Үндэсний татварын алба өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн сангийн төслөөр“Үнэ шилжилтийн хяналт шалгалт”сэдвээр тав хоногийн сургалтанд хамрагдсан байна. Энэ нь Үндэстэн дамнасан корпорациудад татварын шалгалт хийх тухай агуулгатай аж.Манайх шиг жижиг улсад олон улсын Үндэстэн дамнасан корпораци орж ирнэ гэдэг нь маш чухал үзүүлэлт боловч мэргэжлийн татварын хяналт, шалгалтыг нэвтрүүлэх шаардлага тулгардаг байна. Энэхүү шалгалт нь маш өндөр өртөгтэй ажил байдаг ажээ. Өмнөх жилүүдэд манайхан үнэ өртгөөс нь “айгаад” энэ ажил руу ханцуй шамлан орж чадаагүй байна. Харин энэхүү шалгалтыг хийх аргачлалыг АНУ-ын төрийн сангаас гаргасан хөрөнгөөр Монгол улсын татварын албаныханд заасан нь цаанаа учир жанцантай байжээ. Үндэстэн дамнасан корпорациудад энэхүү татварын шалгалтыг хийхийн тулд нэгдүгээрт мэргэжилтнүүдээ бэлтгэх, хоёрдугаарт хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэх ёстой болж таарч байна. Олон улсын хэмжээнд хийгдэх энэхүү хяналт, татварын шалгалтанд ихээхэн хэмжээний хөрөнгө санхүү шаардагдах ч, олох өгөөж нь үнэлэшгүй ажээ. Үндэсний татварын албанаас энэхүү хөрөнгийг шийдэх боломжийг бүрдүүлнэ гэж үзээд эхний ээлжинд мэргэжилтнээ бэлтгэж эхлээд байгаа нь энэ.
Үндэстэн Дамнасан Корпорациуд ихэвчлэн татварын диваажин орон, мөн татварын сүүдрэвчтэй орнуудаар дамжуулан татвараас зугтдаг байна. Тэгвэл Рио Тинто, Айвенхоу майнз нар “Оюутолгой”-гоор дамжуулан аль эрт олон улсын хэмжээний томоохон татврын луйврыг хийж амжуулжээ. “Оюутолгой” ХХК 2010 оны 11-р сард Засгийн газартай гэрээнд гарын үсэг зурснаас хойш ердөө гурван сарын дараа буюу 2011 оны хоёрдугаар сард хөрөнгө оруулагчийн харьяаллаа Нидерландын вант улс болгон өөрчилсөн байна. Нидерландын вант улс, Монгол улс хоёрын давхар татварын гэрээнд ноогдол ашгийн татварын хувь хэмжээг “0” гэж заасан байна. Тэгэхээр манай улс ноогдол ашгаас татвар авч чадахгүй болсон гэсэн үг. Монголын Засгийн газар, Нидерландын Вант Улсын хоорондох уг гэрээг Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө тооцоолон байгуулсан гэж олон улсын татвар судлаачид тайлбарлаж байгаа ажээ.“0” хувь гэдэг маань татвар авна. Гэхдээ хувь хэмжээ нь 0. Өөрөөр хэлбэл татвар авахгүй гэж шууд заагаагүй мөртлөө татвар авахгүй гэсэн үг. Одоогоор энэ гэрээнээс болоод Үндэсний татварын алба “Оюутолгой”ХХК иас авах зургаан тэрбум долларын татварын алдагдлыг шууд хүлээх ажээ. Ийм том луйврыг РиоТинто мэтийн акулууд ядуу буурай орнуудын газрын баялгийг цөлмөхдөө ашигладаг байна. Оюутолгойн гэрээний бас нэгэн том “НО” ийнхүү ил боллоо.Үүнийг Монголын гуравдагч хөрш хэмээгддэг Америк улс сургалт нэрээр илчилснийг “Үндэсний мэдээ” анх удаа нийтэлж байна. Америкчууд үндэстэн дамнасан корпорациудын татварын шалгалтын тухай сургалтандаа Оюутолгойн энэ асуудлыг зүгээр ч нэг оруулаагүй нь тодорхой. Үүний цаана өөр олон луйвар нуугдаж буйг ч эх сурвалж хэлж байгаа юм.Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид дараагийн дугаарууддаа баримттайгаар хүргэх болно.
Н.Энгүүн