logo
Таширожима арал: Япон дахь муурнуудын диваажин

Таширожима арал: Япон дахь муурнуудын диваажин

2011/10/10
"Муурнуудын арал" болох Таширожима нь Японы Сендай хотын зүүн хэсэгт Ишиномакигийн тохойд оршдог. Арал дээр амьдардаг хагас зэрлэг муурнуудын тоо толгой эндхийн насжиж буй хүн амын тооноос ч давжээ. Арлын иргэдийн ахуй амьдралд ч муурны үүрэг их гэнэ. Учир нь муурнууд мэрэгч, оготнуудыг устгахаас гадна жуулчдын анхаарлыг ихээр татдаг байна. Эндхийн оршин суугчид муур хэлбэртэй олон ч байшинг "үстэй" найзууддаа зориулан босгожээ.





Таширожима (田代島) бол Японы зүүн хойд хэсэгт, далайн эргийн Ишиномаки хотоос 20 км зайд оршдог 3.14 км квадрат газар нутагтай арал юм.  Холоос ирсэн жуулид Ошикагийн хойгийн баруун хэсэгт орших энэ арлыг сонирхох дуртай.
Арал дээр нисэх буудал байдаггүй учраас зочид гатлага онгоцоор хүрэлцэн ирдэг. Ишиномакигаас арал дээр ирэхэд 40 минут л зарцуулагдана. Таныг арал дээр очиход Японы 127 сая гаруй хүн амын нэгээхэн нь "язганаж" байна байх гэж бүү бодоорой.

Таширожима арал дээр ердөө 73 хүн амьдардаг аж. Тэд бараг бүгдээрээ 65-аас дээш настай. Арлын хүн амын тоо сүүлийн 50 жилийн хугацаанд 90 хувиар буурчээ. Харин муурнуудын хувьд эсрэгээрээ...


Хүмүүс Таширожимаг "Муурнуудын Арал" гэдгээр нь илүү сайн мэддэг байжээ. Гэрийн тэжээмэл муужгайнуудыг хэдэн зууны өмнө арал дээр авчирч байсан бөгөөд тухайн үед Таширожима арал дээр хүр хорхой ихээр үржүүлдэг байжээ. Харин хулгана гэгч заналт дайсан хүр хорхойг болон үүрийг нь сүйтгэчихээд  байдаг байсан учраас фермерүүд мэрэгчдийн эрлэг болох муурыг олноор нь авчирсан байна. Ийнхүү энэ арал муурны орон болсон түүхтэй.

Мууртай загасчид


Цаг хугацаа улиран одож 19-р зууны сүүл үе гэхэд Таширожимагийн оршин суугчид загасны тор боловсронгуй болсны ачаар хүр хорхой үржүүлэхээс илүү ашигтай ажил хийх болсон байна. Тэд торго хийх нь эрс буурсан ч арал дээр муурнуудын тоо буураагүй ажээ.  Хүмүүс ч үстэй найзтайгаа ажил дасал болсон бөгөөд боомтууд, агуулахууд дахь хулгана зэрэг мэрэгчдийг устгахад муур чухал байсан байна.

Таширожимагийн арлын ойролцоо загас элбэг байсан нь бусад газрын загасчдын анхаарлыг татжээ. Тэдгээр загасчид Таширожима арлын дэн буудалд хоноглох үед муурнууд хаа сайгүй холхиж, зарим нь гадны зочдоос хоол хүнс "гуйдаг" байж. Муурны ааш аягийг мэдэж авснаар цаг агаар ямар байхыг, загасчлахад хэр тохиромжтойг мэдэж болно гэсэн хэлц үг ч гарчээ.
 



Ам дамжсан яриа: Нэгэн өдөр загасчид торонд ашиглахаар чулуу түүж байтал нэгэн чулуу унажээ. Тэр чулуунд оногдсон муур үхсэн байна. Муур үхсэнд харамссан загасчид түүнийг арлын нэгэн хэсэгт хүндэтгэлтэйгээр оршуулжээ.






Дээрхи зурган дээр харагдаж байгаа жижиг барилгыг мууранд зориулж босгожээ. Хүмүүс муурыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэх зорилгоор мууртай холбоотой сахиус зэрэг эд зүйлсээ энд орхидог байна.
"Эндхийн муурнууд бидний хувьд үргэлж аз, олз омог авчирдаг байсан, тэд бидний хувьд чухал учраас бид тэдэнд сүсэглэдэг" гэж арлын загасчин Цунео Эндо хэлсэн байна.

Арал дээр орших муур хэлбэртэй байшингууд





Японы зарим хүн ам багатай, алслагдмал газрын оршин суугчид өөрсдийг нь, амьдарч байгаа газрыг нь бусдаас онцгойруулах ажлыг идэвхитэй хийх нь олонтаа.  Таширожимагийн иргэд ч тэдний нэг. Энэ арал дээр дэн буудлууд, мууранд зориулсан барилгууд олон байдаг байна. Та Таширожима руу аялж, муур хэлбэртэй байшинд нэг шөнийг өнгөрөөх хүсэлтэй жуулчдын нэг болохыг хүсч байна уу?

Амьтдаар татахуй...
"Энэ бол нилээд амар жимэр, тайван газар гэж та бодож магадгүй, гэхдээ гал гарсан тохиолдолд гарч ирээд тусалж чадах хүн байхгүй" хэмээн Таширожимад жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй нэгэн бүлгийн ахлагч Ютака Хама хэлсэн байна.



"Залуу хүмүүс энд ирээсэй гэж хүсч байна" хэмээн хэдэн жилийн өмнө Таширожимад ирж суурьшсан Хама ярьж байна. Тэрээр энэ арал дээр дэн буудал ажиллуулдаг байна.
Хэдэн жилийн өмнө телевизийн баримтат киногоор Таширожимагийн муурнууд, тэр дундаа Jack the Lop Ear хэмээх муурны талаар дэлгэрэнгүй танилцуулснаар хүмүүс энэ арлын муурнуудын талаар илүү сайн мэдэх болжээ.

Байгалийн аюулаас аврагдав


Өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд хүчтэй газар хөдлөлт, цунами болж,  Японы зүүн хойд эргийг донсолгосон. Цунамигийн давалгаа 10 метр өндөрт хүрч байсан юм. Харин Таширожима арлын хамгийн өндөрлөг цэг нь далайн төвшнөөс дээш 96.2 метрт оршдог. Арал дээрхи хоёр гол тосгон болох Оодомари, Нитода нь өндөрлөг хэсэгт байрладаг аж. Мөн эдгээр тосгонд ихэнх муур амьдардаг байна. Цунамигийн дараахан НАСА агентлагийн хиймэл дагуулаар авсан дээрх гэрэл зурагт Таширожима арал усанд автаагүй нь харагдаж байна. Мөн арлын оршин суугчид бүгд (муур, хүн) байгалийн гамшгаас амьд үлдсэн тухай Японы аврах алба мэдээлж байжээ.

Японы аврах албаныхан гуравдугаар сарын 22 –ны өглөө л Таширожима арал дээр нисдэг тэргээр газардаж, тусламжийн бараа хүргэсэн юм.  Их хэмжээний шингэн штахуун, хоол хүнс  болон хиймэл дагуулын утсыг оршин суугчдад хүргэсэн ч арал дээрх нөхцөл байдал  эрсдэлтэй хэвээр байжээ.
Хүчтэй газар хөдлөлт, цунами нь Японы зүүн хойд эргийнхний хувьд тийм ч шинэ содон зүйл биш. Өмнө нь газар хөдөлж л байсан, ахиад ч байгалийн аюул нүүрлэж магадгүй. Таширожима арлын муурнууд амьд үлдэж чадсан. Тэд  байгалийн аюулын дараа хөл дээрээ "газардсан" юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш