logo
Үхээнцийн үхээнц Үйлдвэрчний эвлэл

Үхээнцийн үхээнц Үйлдвэрчний эвлэл

2015/10/15
Цалин дээрээс гурван  төгрөг татдаг, нийгмийн идэвхи сайтай ч мэргэжилдээ тааруухан боловсон хүчнээр  дарга тавьдаг, намын хавсарга төдий  МҮЭ гэдэг байгууллага ардын хувьсгалтай цуг орж ирсэн юм билээ. Хувьсгалтай цуг орж ирсэнээс үзвэл хөрөнгөтний нийгмийн эсрэг боссон үйлдвэрчний эвлэлүүдийн түүхээс улбаатай  юм  уу гэмээр. "Америкийг бүтээсэн эрхмүүд” гэгддэг Эндрю Карнеги, Ж.Морган, Жон Рокфеллер, Генри Форд , К.Вандербильт нар улс төрчдөөс эмээж байсангүй.

Тэд мөнгөний хүчээр хүссэн Ерөнхийлөгч  нараа  томилж цагаач иргэдээр бүрдсэн ажилчин ангийг цус хүч, амь насаар өнөөдрийн америкийг бүтээсэн. Хэдэн арав биш мянга мянган ажилчид, боолууд ажлын байрны осол, өвчин тахал, өлсгөлөнгөөр  нас барцгааж байжээ. Хүн төрөлхтний бүтээсэн аж үйлдвэрийн гайхамшиг гэгдсэн Панамын суваг барихад 27 мянган ажилтан болон боолууд нас барсан түүхтэй. "Америкийг бүтээсэн эрх мүүд”  ажилтнуудаа  30 центийн  цалинтай зүтгүүлэхээс ичдэггүй  тэрбумтангууд байв.

Монополын эсрэг, бүхнийг дийлэгч хөрөнгөтнүүдтэй ажилтнууд хүчээ нэгтгэхийн тулд Үйлдвэрчний эвлэл гэдгийг байгуулсан юм билээ. Тэднийг тараах, номтгохын тулд хөлсний дээрэмчид, цагдаа сүүлдээ арми хүртэл хөдөлгөж байв. Алдарт зохион бүтээгч Генри Форд хүртэл Үйлдвэрчний эвлэлийн эсрэг буу гарган тэмцэснээс үзэхэд хоорондын харилцаа ямаршуу байсан нь ойлгомжтой. Ямартай ч ажилтнуудын эв нэгдэл, хамтын хүч хэдэн зуун тэрбумаар тоологдох хөрөнгөтнүүдийг буулгаж чадсан.

XIX зууны төгсгөлд ажилтнууд Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан цалин хөлсөө нэмүүлэх, үг хэлэх эрхтэй болж боолын нийгэмд цэг тавих томоохон алхам хийлээ. Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, ажил олгогч нар эвлэлдэн нэгдэж байсангүй. Үргэлж бие биенээ хялайн өө сэвийг нь харж байсан юм. Харин Монгол Улсад бол байдал тэс өөр. МАХН-ын үзэл суртал, хайр энхрийлэл дор бараг далан жил өнгөрөөлөө. Үйлдвэрийн даргынхаа төрсөн өдрийг тэмдэглэх, уралдаан тэмцээн зохион байгуулагч хийгээд өөр хэлбэр дүрсийг бий болгоод байсан юм.

1990 оны ардчилсан хувьсгалын нөлөөгөөр сэргэх нь бүү хэл устаж үгүй болох дөхөв. Аймаг сум дахь бүх сүлжээгээ алдаад дууслаа.  Татвар төлдөг ажилтан байхгүй болсон учраас эд хөрөнгө, газраа заран амь зогоосон юм.  Монгол Улсад үйлдвэрчний эвлэл үндсэн утгаараа үйл ажиллагаа явуулж байсангүй. Харин ч бүр эсрэгээрээ ажилтнуудыг удирдлагатайгаа нийлэн хавсайдах хүч, албан тушаалаасаа бууж яваа хүний  эцсийн зогсоол  болж иржээ.

Үүнтэй зэрэгцэн 2000 оноос эхлэн гурван хүний нэг нь төрийн бус байгууллага  байгуулж эхлэв. Ганцхан жишээ хэлэхэд Тахир дутуу иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага 400 гаруй байгууллагдсан. Гар хөл, элэг бөөр, нүд, нөхөн үржихүй гээд бүх эрхтэн хамгаалуулах холбоотой, нийгэмлэгтэй, академитэй, тэргүүнтэй, ерөнхийлөгчтэй, даргатай гээд бод. Байгаль хамгаалах чиглэлээр 800 гаруй төрийн бус байгуулага гэрчилгээ, тамга авсан байдаг юм билээ. Монголын бүх уул нурууд, гол нуурууд төрийн бус байгууллагын нэр болсон гэхэд хилсдэхгүй.
 Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо ч гэсэн гар энд тэндээсээ өм цөм татуулах шиг ижил төстэй төрийн бус байгууллагуудын нэгэн болж хувирав.  Харин 2007 онд "Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь их эргэлт байв. Үйлдвэрчний эвлэл яаж ажиллах ёстой, ямар үүрэгтэйг харуулсан бараг сургалт  явуулав. Нийгмийн даатгал, мэндийн даатгалын хуулиудад томоохон өөрчлөлт авчирч, үйлвэрүүдэд салбар хороогоо байгуулж чадсан. Үйлдвэрчний эвлэлийн хороог ажилтнууд байгуулж дарга цэргээ өөрсдөө сонгож эхэлсэн байдаг юм.

Гадны хөрөнгө оруулалт бүхий томоохон уул уурхайн төслүүд  монголчуудыг үнэлдэггүй байв.  Оюу толгой дээр л гэхэд  канад, солонгос, хятад, монгол гэсэн системтэйгээр цалин хөлс бодогддог байв. Канад инженер 70-80 мянган ам.долларын цалинтай, ТИС төгссөн залуу түлээ хагалаад 700 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Өөрөөр хэлбэл монголчуудыг технологи сурахаас эмээсэн гадныхан уурхайн гүнд ажилуулдаггүй байсан юм. Энд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо  хүчтэй ажилласны хүчинд залуусын үнэлэмжийг нэмэгдүүлж чадсан. Яагаад бид өөрсдийн баялагаа олборлож байж хятад барилгачнаас дор цалин авах ёстой юм бэ гэсэн үзэл санааг дэвэргэж чадсан билээ.

Магадгүй Монголын Үйлдвэрчний Эвлэл үндсэн үүрэг,  баримжаагаараа ажилласан он жилүүд 2007-2012 байсан байх. Засгийн газар Үйлдвэрчний эвлэлийг ая эвийг олох гэж чармайж тэдний хүчийг үнэлж эхэллээ. Нийгэмд нөлөөтэй, хамгийн хүчирхэг төрийн бус байгууллага болж эхлэх үед   С.Ганбаатар УИХ-д суухаар яваад өглөө. Дахиад л оршуулгын дараах нам гүм шиг байдал  Үйлдвэрчний эвлэл ноёлож эхэлсэн гэхэд болно. Тэгээд хөрөнгөө булаалдсан  өв залгамжлагч нар шиг бужигналдсны эцэст шал өөр дүр төрхөөр ажиллах болсон нь илэрхий ажиглагдах болов.

2007 оны шинэ эргэлт хийсэн МҮЭХ хэд хэдэн сайн, муу хандлагуудыг бий болгосон нийгэмд. Сайн тал нь гэвэл ажилтнууд үйлдвэрчний эвлэлд элсэх, нэгдэх ёстой гэдгийг ойлгосон. Мөн барууныг шүтсэн хөрөнгөтнүүд ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллага бий болсныг мэдэрсэн байж билээ. Буруу тал гэвэл  Засгийн газраас жил бүр ажилтнуудыг томоотой байлгах үүрэг хүлээн 600 сая төгрөгийн авлигал авдаг болов. Хэрвээ мөнгө өгөхгүй бол цалин, тэтгэвэр нэм гэж жагсана гэж айлгадаг болсон байна. Салбар зөвлөлийн Үйлдвэрчний эвлэлийн дарга гэсэн нөхдүүд Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос шинээр томилогдоод ирсэн дарга нартаы албан тушаалын наймаа ярьдаг болжээ.

"Намайг  халбал төмөр замын бүх ажилтнуудыг ажил хаяуулна” гэх шиг. "Орлогчийг өөрчилбөл суулт хийнэ" ч гэх шиг.   Энд тэндхийн үйлдвэрчний эвлэл дээр оросуудын хэлдэгээр "дархлагдсан хулгайчууд” бий болж эхлэв. Хийх ажилгүй Үйлдвэрчний эвлэлийн нөхдүүд хор найруулах, бараа таваар шахах, дарга даамлаа айлгадаг "овгор”-ууд болсон харагдана. Үйлдвэрчний эвлэл ажилтнуудын зовлон зүдгүүрээр наймаалцдаг, дарга нартай тохирдог, барьцаалагч болон хувирлаа.  Аж үйлдвэр өндөр хөгжсөн улс оронд Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллага  ажилчдын нулимсыг арчих ээж, өмөөрөх төр засаг нь болдог билээ. Эзэн ажилтан гэсэн хоёрын  дундыг асуудлыг  зохицуулагч, эв нэгдлийг хангагч  бол  Үйлдвэрчний эвлэл. Энэ утгаараа ажиллах Үйлдэвэрчний эвлэл өнөө хүртэл төрөөгүй л байна.

Д.ДОРЖ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш