logo
Оюутнуудын хичээлдээ ирж, явах автобусны зардлыг төсвөөс санхүүжүүлнэ

Оюутнуудын хичээлдээ ирж, явах автобусны зардлыг төсвөөс санхүүжүүлнэ

2015/10/23

НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг хэлэлцэн батлав.

Өмнө нь оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих иргэдийн нөхөн олговорыг хувиарлах санхүүжүүлэх журмын дагуу автобусны компаниудад нөхөн олговорыг хувиарладаг байв.  Мөн нийслэлийн хэмжээнд нийт 113 000 орчим оюутан байдаг, хичээлдээ ирж очихдоо сард 25 000 төгрөгөөр зорчдог гэж тооцон төсвөөс 250 сая төгрөгийн нөхөн олговор авч оюутны холбоо нь хуваарилалтаа хийдэг тогтолцоотой байсан.

Тэгвэл шинэ журамд “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журамд нэр томьёо, сурагч оюутны эрх үүрэг, нутгийн захиргааны байгууллагууд, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг тус бүрд нь нарийвчлан тодорхойлсон байна. Ийнхүү хуучин тогтолцоог  цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм.

Мөн зайлшгүй оруулах ёстой шинэ зохицуулалтыг журамд нэмж оруулжээ. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг илүү тодорхой болгож, тухайн сурагч, оюутны суралцаж байгаа сургуулиас гэр хүртэл 1 /нэг/ км-ээс багагүй зайтай байх гэж тодотгон оруулжээ. Мөн сурагч, оюутны тээвэрлэлтийн зардал гэж нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны 1 өдөрт хичээлдээ 1 удаа ирж, буцах зардлыг тус тус ойлгоно гэж заасан байна. Мөн энэхүү нийгмийн халамжийн асуудалд өөрийн гэсэн орлогогүй, 10 жилийн сургуулиа төгсөөд дараагийн шатны сургуульд элсэн орсон сурагч, оюутнууд хамрагдах нь зүйтэй гэж үзэж журмын төсөлд “Оюутан” гэж их, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд өдрөөр суралцагчийг, “Сурагч” гэж мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагчийг гэж ойлгох тухай нэр томъёоны тайлбар хийлээ. Өөрөөр хэлбэл энэхүү журамд орой, эчнээ ангийн сурагч, оюутнууд хамрагдахгүй гэсэн байна.

Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг хангаж байгаа оюутан картаа захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд нутгийн захиргааны байгууллага тухайн сурагч, оюутанд хичээлдээ ирж буцахдаа нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тодорхой тооны эрх бүхий карт олгож сар бүрийн 1-ний өдөр цэнэглэж өгч байхаар зохицуулжээ.  Картаа захиалж, мэдүүлэг бөглөснөөр сурагч, оюутны тоо, зорчилтын тоо тодорхой болох бөгөөд сурагч, оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцох, тэднийг тээвэрлэсэн нийтийн тээврийн байгууллагад олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлох, хуваарилах талаар хяналтгүй явж ирсэн олон маргаантай асуудлууд шийдэгдэж зорилтот бүлэг бүрэн хамрагдах, төсөвт үр дүнгүй ачаалал үүсгэхгүй байх, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх ач холбогдолтой.

Сурагч оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцохдоо хяналтын тоо,  төсвийн жилийн 1-6 сар, 9-12 сарын 7 хоног бүрийн амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд, оюутны амралтын өдрүүдээс бусад өдөрт хичээлдээ явах, буцах зорчилт, зорчилтын тоо, насанд хүрсэн хүний зорчих тарифийг тус тус үндэслэнэ гэж заасан байна Ингэснээр сурагч, оюутны хувьд уг картыг хуурамчаар үйлдэх, бусдад дамжуулах, өөр бусад зорилгоор ашиглах зэрэг асуудлууд гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш