АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалж буй Байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн хуралдаан 10 дугаар сарын 21-нд болов.
Хуралдаанаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас 10 дугаар сарын 19-20-нд зочид буудлуудын менежерүүдэд зориулж зохион байгуулсан Дипломат ёс зүй, үйлчилгээний талаарх сургалтын үр дүнг хэлэлцлээ. Хоёр долоо хоногийн дараа болох дараагийн сургалтад зочид буудлуудын зөөгч нарыг хамруулж, өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх ёслол хүндэтгэлийн үйлчилгээний талаар зааж сургахаар тогтлоо. АСЕМ-ын түнш зочид буудлуудын ажилтнуудыг мэргэшүүлэх, 12 чиглэлээр ажлын байранд дахин мэргэшүүлэх зорилго бүхий уг цуврал сургалтыг зарим телевизтэй хамтран теле хичээл болгож олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.
Хурлын үеэр үйлчилгээний ажилтнуудад зориулсан англи хэлний цахим болон танхмийн сургалт явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын төвүүдээс танилцуулга хийлээ. Эдгээр сургалтын төвийн үйл ажиллагаа, ажлын туршлагыг нарийвчлан судалж байж хамтран ажиллахаар тогтлоо.
Мөн АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулахаар сонгогдсон зочид буудлуудад олгогдох хөнгөлөлттэй зээлийн асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын тодруулгыг сонсч, уг зээлийг яаравчлуулахыг үүрэг болголоо. Үүнд бусад арилжааны банкуудыг татан оролцуулах, эх үүсвэрийг даруй бүрдүүлэхэд онцгойлон анхаарахыг ажлын хэсгээс үүрэг болгов.