Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав.
Хуралдааны үеэр тэрээр дүүргүүдийн нутаг дэвсгэрт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг дүүргийн Засаг дарга нар өөрсдөө маш сайн хариуцаж ажиллахгүй бол захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авна гэдгийг сануулж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллага өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх. Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох
- Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох ажлыг эрчимжүүлэх
- Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгуулах. /Цайз 16, Өгөөмөр зах, Хархорин зах, 3, 4 дүгээр хорооллын дэлгүүрүүдийн зам дагуух худалдаа/
- Улаанбаатар хотын замын хяналтын камер болон хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах
- Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.