logo
Найрал дууны сурагчид нийслэлчүүддээ ая дуугаа өргөлөө

Найрал дууны сурагчид нийслэлчүүддээ ая дуугаа өргөлөө

2015/10/29

Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ойн баяр дээр бас нэгэн баяр нэмсэн үйл явдал бол хүүхдийн найрал дууны наадам билээ. Соёлын төв өргөөнд дөнгөж сая эхэлсэн энэхүү наадамд Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаанд байр эзэлсэн сурагчид оролцож байгаа юм. Тодруулбал Монголын хүүхдийн ордонд болсон дээрх уралдаанд нийслэлийн долоон дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцож, төгсгөлийн шатны шалгаруулалтад 17  сургуулийн 1300 гаруй сурагч, 51 багш  шалгарч нийслэлийнхээ их ойд ая дуугаа өргөж байна.  

Тэд нийслэлчүүдтэйгээ баяраа тэмдэглэхийн зэрэгцээ Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэхэд гол зорилгоо болгож байгаа аж.

Монголын хүүхдийн ордонд болсон найрал дууны наадамд Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарчээ. Гутгаар байрт  Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг, тусгай байрт Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг тунав.  

Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн хөгмийн багш Б.Очирбат, шилдэг найруулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар шалгарлаа.

Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж буй наадмын найруулагчаар Mонгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Сарантуяа ажиллаж байгаа бол хөтлөгчөөр Х.Болорбат, С. Цэндсайхан, зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл урлагийн газар ажиллаж байна.

Сонирхуулахад “Хүүхдийн найрал дууны  шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”- ыг анх 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дорзохион байгуулсанаар одоог хүртэл тасралтгүй 23 дахь жилдээ зохиогдож байна. Түүнчлэн 2005 оноос хойш Д.Лувсаншаравын нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан ЕБС-ийн хөгжмийн хичээлийн сургалтын түвшинг сайжруулах, хөгжмийн багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд бодит туслалцаа өгч байдгаараа онцлогтой бөгөөд жилээс жилд уралдааны ач холбогдол улам бүр өсч байна.

 

У.Баяр

www.breakingnews.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш