logo
Нийслэлийн удирдлагууд “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн удирдлагууд “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

2015/10/29

Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 376 жилийн тэртээ буюу 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Нийслэлийн ИТХ-ын Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр, “Эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа ч бид нийслэлийнхээ ойг олон бүтээн байгуулалтаар угтаж байгааг хэлэхэд таатай байна. Энэ жил  Шадивлан-Хандгайт чиглэлийн зуслангийн 16,4 км замыг маш богино хугацаанд хийж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Мөн Гачууртын замыг өргөтгөн шинэчилж, заслаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хотын дулаан хангамжид маш чухал үүрэгтэй Энхтайвны өргөн чөлөөний дулаан хангамжийн шугамыг сайжруулж, замыг нь хоёр сар хүрэхгүй хугацаанд шинэчлэн ашиглалтад орууллаа. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлсэн, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр боловсруулсан гээд олон ажлыг бид бүхэн амжууллаа. Нийслэл хот өнгөө засаж, тохижилтын ажилд маш их ахиц гарлаа. Хамгийн гол нь төсвөөр хийдэг байсан тохижилтын ажлыг энэ жил аж ахуйн нэгжүүд, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр тохижилтын ажил хийж нийслэлчүүдэд бэлэг барив. Нийслэлчүүд бид энэ мэт бүтээн байгуулалт, ажил үйлсээрээ бахархан өнөөдөр тэмдэглэж байна” гэв. Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Улаанбаатарын магтаал” хайллаа.

 У.Баяр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш