logo
Лагшин шүтээн оршинолдоо заларлаа

Лагшин шүтээн оршинолдоо заларлаа

2015/11/02

Архангай аймгийн Цахир сумын нутаг, Халзанбүргэдэй хайрханы ай савд орших Содномдаржаа ууланд Гэсэр багш Цэвээнраашийн Чүлтэмжамц, Аграмба Равсалын Санжайжав нарын лагшин шүтээн зуун дамжин оршиж ирсэн байна. Содномдаржаа уул бол аугаа увидасын эрдэнэсийн ундарга, нууц бүхнийг агуулсан өлгий хайрхан юм. Монгол орноо амьдарч, аж төрж байсан хосгүй увидаст “Гэсэр багш” Чүлтэмжамц, аграмба Санжайжав нар өөрсдөө занданшсан төрх байдалд шилжсэн бөгөөд энэ уулнаа зуун жил дамнан оршиж байна.

Нар салхи, цас бороо, гал түймэр, уруудаж доройтох, үгүй болж арилах байгалийн хуулийг эсрэгцэн сөрж өнөөг хүртэл  анхны төрх байдлаа хадгалж, эрдэм чадлынхаа хүчээр байгаль, нийгмийн тодорхой үйл явцад нөлөөлсөөр ирсэн нь гайхалтай хэмээн эрдлэмтэд, судлаачид үздэг байна. Нууцат хосгүй увидас эзэмшсэн, гайхамшигт чадварын оройн дээд илрэл нь “Гэсэр багш” Чүлтэмжамц, аграмба Санжайжав нар болно. Монгол хүний хосгүй увидасыг монгол хүн, түүний ахуй амьдралын эс бүхэнд гүн шингэсэн монгол ухаан, сэтгэлийн төлөв, үзэл санаа, үйл ажил, ахуй орчин, байгалийн эрчим хүч, цаг үеийн нөлөөллийн хамт авч үзэх ёстой.

Монгол хүний оюун ухааны хосгүй увидасыг мөнхжүүлэх, шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийх асуудалд нийгмийн анхаарлыг хандуулах зорилго бүхий “Увидасын шүтээн” төсөл боловсруулжээ. Төслийн эхний бүтээн байгуулалт болох хос оршинолыг бүтээж,  эгэлгүй увидаст хоёр гэгээнтнийг залах ёслол Содномдаржаа түмбэнд 10 дугаар сарын 25-ны билэгт сайн өдөр боллоо. Энэ өдөр цасан шамрага тавьж, салхи исгэрэн шуугьж байсан ч Содномдаржаа уулын энгэрт  хос оршинолд гэгээнтнийг залах үеэр тэнгэр зохирч, наран гийлээ.

Хос оршинолыг “Гэсэр багш” Чүлтэмжамц, аграмба Санжайжав нарын захиж болгоосон, хосгүй увидасынхаа хүчээр оршин байгаа ариун дагшин газарт нь, байгаль дэлхийн хөрс, орчлон ертөнц, хүн зонтойгоо харьцах ид шид увидас нь хязгаарлагдахгүй байж эрчим хүч нь бүрэн хадгалагдах боломжтой байхаар бүтээсэн байна. Монгол хүний хосгүй увидасыг мөнхжүүлэх үйлсийн утга чанадыг тэргүүлэн ухаарч бодит үйл хэрэг болгох “Увидасын шүтээн” төслийн удирдагчаар Цахир нутгийн хүү, “Ханбүргэдэй” компанийн захирал Жамбалын Сандагдорж ажиллаж байна.

Тэрбээр  нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Төслийг боловсруулах болон хэрэгжүүлж эхлэх ажлууд эхнээсээ туйлын бүтэмжтэй, хүмүүсийн итгэл сэтгэл, сүжиг бишрэл бүрэн дүүрэн шингэсэн өнгө төрхтэй болж байна. Энэ нь нэг талаасаа түмэн олны сэтгэл, итгэл бишрэл байгаа хэдий ч нөгөө талаас их буянтан, ид шидийн увидаст хоёр багшийн таалал болгоолоо хэмээн сүслэн ойлгох хэрэгтэй” гэж онцлон дурдсан байна.

Б.Баярсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш