logo
Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо

Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо

2015/11/02

Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 30.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 12000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм.

Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадагшаа ажиллах хүч гаргах, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилгоор ОХУ-ын залуучуудын байгууллагуудтай холбоо тогтоож харилцан тохиролцсон үндсэн дээр Оросын оюутны отрядтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хамтран ажиллах гэрээг энэ сарын 24,25,26-ны өдрүүдэд  ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск районд зохион байгуулагдсан Эрхүүгийн Оюутны отрядын 55 дахь удаагийн  цугларалтын үеэр  Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Бэлгүтэй, Эрхүү мужийн оюутны отрядын удирдлагын газрын дарга Н.С.Петров нар хийсэн бөгөөд ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Сергей Тин  Монголын төлөөлөгчидтэй уулзан санал бодлоо солилцож оюутны хөдөлмөр эрхлэлт, отрядын хөдөлгөөний талаар туршлагаа хуваалцсан юм.

Хоёр улсын оюутан залуучуудын хөдөлмөрийн хамтын ажиллагааны гэрээний талаар төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.  

Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржийн захирал Б. Бэлгүтэй

-Энэхүү гэрээний ач холбогдлын талаар та ярихгүй юу?

- Оросын оюутны отрядтай  Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд Орос Монгол 2 орны залуус оюутан байх хугацаандаа суралцаж байгаа мэргэжлээрээ зуны амралтын хугацаанд, хичээлийн бус цагаар тухайн чиглэлээр нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ажиллаж туршлага хуримтлуулах ажлыг зохион байгуулах явдал юм. Тухайлбал Монголд эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа залуус Орост эрүүл мэндийн чиглэлээр цалин урамшуулалтай ажиллах,  нөгөө талаар Орос залуус Монголд ирж ажиллах харилцан боломжтой болно.

Хамгийн гол зорилго нь 2 орны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, оюутан байх хугацаанд нь дадлагажуулах туршлагажуулах, хоёр орны залуучууд нэг нэгэнтэйгээ танилцаж тухайн улсын түүх, соёл урлаг, аж амьдралтай танилцах, бүтээн байгуулалт, эдийн засаг гэх мэт бусад салбаруудын  хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж залуучуудын харилцааг бэхжүүлэх явдал юм.

-Оросын оюутны отрядын талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?

1958 онд тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад Москвагийн УИС-ийн оюутнуудын санаачлагаар Оюутны анхны отряд байгуулах шийдвэрийг гаргаж тэдний саналыг бусад бүс нутагт дэмжсэнээр Оюутны отрядыг хаа сайгүй байгуулж эхэлжээ. 1959 оноос 1985 онд 13 сая орчим оюутнууд Отрядад орж ажилласан юм. Оюутнууд Байгал Амарын төмөр зам, Волжский автомашины завод, Норильскийн уул уурхайн комбинат гээд томоохон олон барилга байгууламж барихад оролцсон. Зөвлөлт засгийн үеийн хагас зуун жилийн тэртээх санаачилгыг өнөөгийн залуус үргэлжлүүлж Оюутны отрядад нэгдэж ажиллахыг их сонирхож байна. Тэд Сочи хот, Красноярскийн хязгаарт ажиллаж Ленинградын АЦС барихад оролцсон. Зөвхөн барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна суралцаж буй мэргэжлээрээ зуны амралтын хугацаанд, хичээлийнхээ бус цагаар ажиллаж хөдөлмөрлөн туршлага хуримтлуулж улс орныхөө хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

-Монголд ийм туршлага бий юу ?

- Манай улсын хувьд 1960 онд Элгээлтийн эзэд хөтөлбөрийг санаачилж 10-р анги төгссөн болон сурагчид болон оюутнуудыг бүтээн байгуулалт, хүнд, хөнгөн үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбарт ажиллуулж эхэлсэн. Тухайн үедээ улс орны бүтээн байгуулалт, хүнд хөнгөн үйлдвэрүүд, хөдөө аж ахуйд шаардлагатай байсан ажиллах хүчний хэрэгцээг хангахын зэрэгцээ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, залуу чадварлаг боловсон хүчнийг төрөн гаргаж байсан чухал ач холбогдолтой юм. Тэр үед залуучууд гар бие оролцож улсынхаа бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулж байсан. Ингээд 1990 оноос хойш зах зээлийн шуурганд өртөөд залуучуудын хөдөлмөр зуучлал гэдэг зүйл байхаа больсон гэж үздэг. 2013 оноос Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж байгуулагдаад оюутан, залуучуудад бодитой төсөл хөтөлбөрүүдээрээ хүрч үйлчлээд хоёр жил амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хэрэгжсэн төсөл хөтөлбөрийнхөө талаар та ярихгүй юу?

-2013, 2014 онуудад Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөрийг санаачилж хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт сумын залуус, ажлын гараа, цагийн ажил гэсэн гурван төсөл багтсан. Залуусыг оюутан байхад нь хөдөлмөрт бэлтгэе, ажлын байртай болгоё, тухайн залуу ажлын байр  дээр гарахдаа шаардлагатай ур чадварыг эзэмшсэн байх чадвартай болгоё гэсэн  үндэслэлтэйгээр энэ гурван төслийг хэрэгжүүлсэн. Ажлын гараа төсөл нь зам барилга, барилга байгууламж, өвөлжөө барих, сум орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудад оролцох,  МУ-ын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй томоохон үйлдвэрүүдэд залуучуудыг ажилуулах зэргээр хэрэгжсэн. Харин сумын залуус төсөл маань залуусыг хөдөө орон нутаг, суманд очиж ажиллах боломж байдаг гэдгийг залуучуудад ойлгуулах гэж энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. 4 бэрх баг буюу 4 залуу сумдад хүрч очин сумын иргэдэд эрүүл мэнд, нийгэм, боловсролын үйлчилгээг үзүүлсэн. Цагийн ажил төслийн хувьд цагийн ажлын системийг Монголд хөгжүүлэх оюутан залуучуудад цагийн ажил хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан. Энэ зорилгодоо ч хүрч одоо Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж өдөрт 30-100 залууг цагийн ажилд зуучлан ажиллаж байна.

-Энэхүү гэрээ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ? Сонгон шалгаруулалт хийх журмаар оюутнуудыг солилцоонд явуулах уу?

-Бид ирэх оноос гэрээний дагуу хэрэгжүүлээд эхэлнэ. Хамгийн эхлээд залуус маань бүтээн байгуулалтын салбарт ажилана. Барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд байгаа суралцаж байгаа оюутнууд ч их байгаа. Тиймээс эдгээр оюутнуудын дунд сонгон шалгаруулалт тодорхой хэмжээгээр явуулна. Ингээд шилэгдсэн залуус маань ОХУ -д баригдаж байгаа зам,  барилга байгууламж, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажил дээр ажиллана гэсэн үг юм. Мөн Оросд суралцаж байгаа оюутнууд тодорхой шалгуурт тэнцээнд тухайн мэргэжлээрээ МУ-д ажиллах юм. Цаашид заавал барилга, хөдөө аж ахуй гэхгүйгээр бүх салбарт  Орос, Монголын солилцоогоор оюутан залуусыг ажилуулж хөдөлмөрч залуусыг олон болгохын төлөө ажиллана.

-ЗХТБиржийн цагийн ажилд зуучлах ажил цаг үеэ олсон сайхан хөтөлбөр гэж бодож байна?

-Тийм шүү. Оюутан залуусыг баярлуулсан буянтай ажил. Бусад улс оронд цагийн ажил хийж оюутнууд хэрэгцээнийхээ мөнгийг төвөггүй олж, төлбөрөө ч хийчихдэг. Харин манайд бол сур аль эсвэл ажил гэсэн хоёр л зам байдаг. Харин цагийн ажлын зуучлал бий болсноор оюутан ч гэлгүй хүн бүр хийх боломжтойд л онцлог нь оршиж байгаа юм. Оюутнууд хичээлээ тараад ганц хоёр цаг ажил хийгээд ном, дэвтэрний мөнгөө олчихно. Байнгын ажил хийдэг хүн бас амралтын өдрүүдээрээ, ажлын бус цагаар хийх боломжтой. Ажилгүй хүн бүр хүссэн үедээ хийж болох тийм ажлуудад зуучилдаг.Ер нь бол яг цагаа үеэ олсон хөтөлбөр гэж бид ч бас хардаг.

-Цагийн ажлын урамшуулал хэдэн төгрөгөөр боддог вэ?

-Өнгөрсөн хугацаанд 11800 гаруй залуус цагийн ажил хийсэн Эдгээр залуус нэг цагийн 1000-5000, өдрийн 10.000-30.000 төгрөгийн цалинтай ажилласан.  Нийтдээ 240 орчим сая төгрөгийн цалинтай дүйцэхүйц ажилласан байгаа юм. Бид цагийн ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх дээрээс нь цагийн ажил хайгч оюутан залуусыг тодорхой төвшинд бэлтгэх, чиглүүлэх ажлыг зохион байгуулж яваандаа цагийн ажлыг хөгжүүлж оюутан залуус, ажилгүй хүмүүст ч хангалттай цагийн ажил олддог болгох ийм зорилгыг барьж ажиллаж байгаа.. 

-Гэрээ хийх болсон шалтгаан нь юунаас эхтэй вэ?

-Анх хоёр улс маань Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойгоор орос монгол хоёр орны залуучууд хамтарсан “Халх гол 75”  гэсэн нэртэй аялал зохион байгуулсан юм.  Энэ аялал нь  ОХУ-ын нутаг дэвсгэрээс эхлээд Халх гол хүртэл үргэлжилсэн хоёр орны төвшинд хийгдсэн орос, монгол залуусыг хамарсан маш том аялал зохион байгуулагдсан юм.. Энэ үед хөдөлмөрийн гэрээний эхлэл тавигдсан гэж хэлж болно.. Мөн 2015 оны 5-р сарын 18-21-ний өдрүүдэд монгол улсад “Азийн залуучуудын 13 дахь ерөнхий асамблей  “Нэг Ази” нэртэйгээр зохион  байгуулагдсан. Энэхүү чуулганд Нийтдээ 23 улсын 600 гаруй залуучууд оролцсон томоохон арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгч залуустай хамтран ажиллах гэрээний чиглэлээр дэлгэрэнгүй ярилцаж санал бодлоо солилцсон. Мөн 6 сард нь зүүн хойд Азийн сайн дурын хөдөлгөөний нэгдсэн форум болсон. Энэ форум дээр 10 гаруй орны сайн дурынхан цугларсан. Тус үйл ажиллагаанд хамтарч ажиллая, гэрээ байгуулъя гэсэн эцсийн шийдвэрийг гаргасан юм. Үүнээс хойш гэрээгээ боловсруулж, харилцан судалгаа хийх гэх мэтчилэн олон шат дамжлагуудыг давж албан ёсоор гэрээгээ байгуулаад байна. 

-Оросын отрядын Эрхүү муж дахь удирдлагын газрын дарга Н.С. Петров

-“Хоёр улс хамтран ажиллах болсон сэдэл нь Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн томоохон хэмжээний аялал, Зүүн Хойд Азийн сайн дурын залуучуудын чуулганаас эхлэлтэй юм. Бид тухайн үед хэлэлцэж эцсийн тохиролцоонд хүрэн өнөөдөр гэрээгээ хийж байна. Оросын оюутны байгууллага тэр дундаа Эрхүүгийн бүс нутгийн залуучуудын байгууллага, Монголын залуучуудын холбоотой хамтарч ажиллах гэж байгаадаа бид баяртай байгаа. Бидний зүгээс Монголын залуучуудын холбоотой нягт холбоотой ажиллаж өөрсдийн олон жилийн туршлага, хууль зүйн акт болоод бүхий л тал дээр хамтарч ажиллахдаа бэлэн байгаагаа хэлмээр байна. Хамгийн чухал нь оюутан, залуучуудыг ажилд зуучилж зуучлахаас гадна Орос, Монголын түүх, соёл, эдийн засаг, нийгэм, аж ахуй, амьдралтай залуучууд маань харилцан танилцах явдал юм. Оросын оюутан залуучууд маань хотынхоо их бүтээн байгуулалтандаа олон жилийн турш гар бие оролцож хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.. Тиймээс Монголын оюутан залуучууд Манай улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцож тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт туршлага хуримтлуулан,  ажиллах боломж нээгдэж байгаад маш их талархаж байна. 

-Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Ө. Шинэхүү

  Бид ажиллаж, хөдөлмөрлөх сонирхолтой оюутан залуучуудын  хөдөлгөөнийгөрнүүлэх ажилд анхаарч байгаа. Энэ нь  юу гэсэн үг вэ? гэхээр оюутан залуучууд маань их бүтээн байгуулалтад гар бие оролцохгүй бол манай орны бүтээн  байгуулалтын салбар маш удаашралтай байгаа. Орос улс гэхэд оюутнуудаа дайчлан их хотынхоо  бүтээн байгуулалтад гар бие оролцож олон зүйлийг хийж байсан, хийсээр ч байгаа. Бид яагаад ийм байж болохгүй  гэж.  Хөдөлмөрч оюутнуудыг анхааралдаа авч ажиллахаас гадна, бүтээн байгуулалтын салбарт  оюутнуудыг ажилуулаасай, байгууллагууд ч мөн адил энэ  чиглэл рүү  анхаараасай гэж хүсэж байна..Ингээд  дэмжээд ажилаад ирэхийн цагт оюутнуудыг отряд байдлаар ажиллуулах юм.Тухайлбал: төмөр замын салбарын отряд,  үйлчилгээний салбарын отряд, хэвлэл мэдээллийн салбарын отряд гэх мэт зохион байгуулалттайгаар. Хамгийн гол нь оюутан байхаасаа ажлын байранд бэлтгэгдэнэ гэсэн үг юм. Ийм байдлаар хөдөлмөрийн бирж, сургууль, ажил олгогч байгууллага нар маш цэгцтэй ажилаад байвал бид их амжилтыг олох гарц нээгдэж байгаа юм. Энэхүү гэрээний давуу талууд мэдээж маш их байгаа. Гэрээ хийснээр ирэх хавраас хэрэгжүүлж эхэлнэ. Ер нь бид дотооддоо ажлын бүтээмжээ сайжруулаад гадагшаа явуулах ажилд анхаарч байгаа.

-Эрхүү мужийн Думын нийгэм соёлын хорооны дарга  А.С.Ирина 

--Хоёр улсын хамтын ажиллагааны гэрээ маань маш чухал юм. Учир нь Монголын оюутнууд Оросын түүх соёл, аж амьдрал, нийгэм,эдийн засаг, мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах маш том боломж нээгдэж байна гэж үзэж байна. Үүгээрээ бид олон жилийн турш хадгалагдаж ирсэн нөхөрсөг харилцааг хөдөлмөрийн хамтын харилцаагаараа бэхжүүлж үргэлжлүүлэх гэж байгаадаа таатай байна. Энэхүү хөдөлмөрийн хамтын гэрээ маань үр өгөөжтэй байхыг хүсэж байна

 

 

 

 

Г. Содцэцэг

- See more at: http://chingis.mn/index.php?view=article&type=item&val=2699#sthash.970avlrH.dpuf
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш