logo
Нийслэлийн өдрөөр 231 иргэн азтанаар тодорлоо

Нийслэлийн өдрөөр 231 иргэн азтанаар тодорлоо

2015/11/03
Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” 3 дахь жилдээ болж  иргэдээ баярлууллаа.
 
Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ, сургалтанд хамрагдах эрхийн бичиг зэргийг олгосон. “Махмаркет” ХХК хонины 8 гулууз мах өгсөн бол “Алтан тариа” ХХК 5-10 кг-ын гурил, “Монголын ноос ноолуурын холбоо” ноолууран бүтээгдэхүүн зэрэг олон бэлгийг өргөн барьсан.  
 
“НBЦ” ХХК нэг сагс буюу 30 ширхэг өндөгийг  6000-7000 төгрөгөөр зарж 8000-1000 өндгөөр омлет хийж худалдан авагчдаа дайлсан нь олны талархлыг хүлээсэн. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан хүүхэлдэйн киноны баатруудаар сурталчилгаа хийж  багачуудаа  хөгжөөлөө. Харин үүрэн холбооны компаниуд хөдөөгийн  сайхан бүсгүйчүүдээр Чингисийн талбайг гоёж сурталчилгааны материалаа иргэдэд тараасан. “Соёл –Эрдэнэ“ болон бусад хамтлагууд ая дууныхаа дээжийг өргөн барьж, иргэдээ баярлуулах үйлсэд төр, хувийн хэвшил хамтран ажилласан юм.
 
Их хотын хямдралтай худалдаанд 310 мянган иргэн хамрагдаж, 800 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Хямдралын үнийн дүн  254 сая төгрөг  болсон байна. Алтан жолоо трейд, Таван богд интернэшнл, Хан хөхий холдинг ХХК, Номын худалдаа эрхлэгчдийн холбоо зэрэг худалдааны 39,  Саян-Уул ХХК, Талх чихэр, Алтан тариа, АПУ ХК, Махмаркет, Ажигана, НВЦ,  Дэвшил трейд,  Тэнгэрийн хишиг, Батбайгаль, Өгөөж чихэр боов, Тесо трейд ХХК,  Ноос ноолуурын холбооны 15, Арьс шир  үйлдвэрлэгчдийн холбооны 4 гээд  үндэсний үйлдвэрлэгч 65 аж ахуйн нэгж  бүтээгдэхүүндээ хямдралтай, сугалаатай, урамшуулалтай худалдаа зарласан.
 
Номадс хоспиталити, Интеркюзин, Энзоко, Шүр хишиг, Гал хувь,  Макс хүнс, Кизуна френдс ХХК  зэрэг  хоол, үйлдвэрлэл үйлчилгээний 10 газар 10-20 хувийн хямдралтай, амталгаатай  халуун хоол, зууш, ундаагаар нийслэлийн иргэддээ үйлчилж хотдог худалдан авсан иргэнд нэг цаг караокед дуулах эрх олгосон.    
 
Мөн энэ үеэр “Чансаа гутлын дэлгүүр” Чингисийн талбайд автомашины сугалаат худалдаа зохион байгуулан “Toyota Estima” маркийн 10 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг азтай худалдан авагчдаа өглөө. Энэхүү азтай худалдан авагчийг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал тодруулсан бөгөөд автомашин хожсон азтанаар иргэн Оюунцэцэг тодорсон. Тэрбээр “Их хотын хямдралтай худалдаа”-ны үеэр 95 мянган төгрөгөөр гутал худалдаж авсан юм.  
 
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дунд зарласан болзолт уралдаанд Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс шалгарсныг зарлан  өргөмжлөлийг  гардууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш