logo
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

2015/11/04
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэн сайжруулах шинээр барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 оны 07 дугаар сараас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээг Францын Артилла Вилла Транспорт ХХК-тай байгуулсан бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулах эхний шатны хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нээсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажлын явцын талаар товч мэдээлэл хийлээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Ус сувгийн удирдах газар холбогдох албаныхан, эрдэмтэн  судлаачид, мэргэжилтнүүд  оролцож санал бодлоо солилцсон юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр олон улсад цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжүүлэх туршлагаараа тэргүүлж буй дэлхийн 17 оронд 25 салбартай Францын “Артелла вилла транспорт” компани ажиллаж байгаа бол захиалагчаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ашиглагч байгууллагаар Ус сувгийн удирдах газар хамтран ажиллаж байна.  

Одоо үйл ажиллагаа явуулж буй төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсон. Өдөрт  4500м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай.  Ашиглалтын явцад  1979, 1986 онд өргөтгөл хийж, 150 мянган м3 хүчин чадалтай зөвхөн ахуйн бохир ус цэвэршүүлэх зориулалттай болсон байна. Анхны төлөвлөгдсөн ачааллаас өргөтгөл, шинэчлэл хийгдсэн боловч цэвэрлэгээний хүчин чадал хэт их ачаалалтай болж, өдөрт 165-170 мянган м3 бохир ус татан зайлуулдаг. Нийт ирж байгаа бохир усны 40 хүртэлх хувь нь үйлдвэрийн ба технологийн бохирдолтой ус ирдэг байна.

Цэвэрлэх байгууламжийг анх барихдаа ахуйн бохирдлыг цэвэрлэх технологиор хийсэн боловч өнөөгийн байдлаар үйлдвэрлэл ихэссэнтэй холбогдон технологийн бохирдол ихтэй болжээ. Дээрх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу иж бүрнээр нь шинэчилж, өргөтгөх төлөвлөлтийг хийж байна гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш