Хүн бүр л зуслангийн дулаан, тохилог сайхан байртай болохыг хүсдэг. Тэгвэл иргэдийн энэ хүслээр тоглосон аж ахуйн нэгжүүд шүүхэд дуудагдаж байгаа. Тэдгээрийн нэг нь “Экологийн дулаан хаус” ХХК юм. Хэрэг явдал 2013.02-р сард иргэн Д.Болдтой гэрээ байгуулснаар эхэлжээ.
Иргэн Д.Болд 2013 оны 02-р сард үзэсгэлэн худалдаанаас өөрийн хэрэгцээнд тохируулан жилийн дөрвөн улиралд амьдрахад дулаан, тохилог, чанартай, төмөр карказ бүхий Канад хаус бариулах захиалгыг “Экологийн дулаан хаус” ХХК-д өгчээ. Улмаар гэрээ байгуулан, урьдчилгаа 30 хувийг өгсөн байна. Гэрээ байгуулахдаа “Дэлхийн хамгийн чанартай материалаар Солонгос ажилчид барьж өгөх болохоор та хоног тоолон хүлээхэд болно” хэмээн гэрээний гүйцэтгэгч тал буюу “Экологийн дулаан хаус” ХХК-ийнхан хэлсэн байна. Улмаар гэрээний дагуу ажил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ажлын явцыг иргэн Д.Болд хэд хэдэн удаа шалгасан байна. Ингэж шалгахад Солонгос битгий хэл нэг ч гадаад хүн харагдаагүй ажээ. Мөн өнөөдрийг хүртэл байраа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй ажээ.
Хүсэн хүлээсэн байрандаа ороход амлаж байсан шиг нь дулаан байгаагүйн дээр хэд хэдэн урсгал засвар хийлгэсэн байна. Тус байр нь өвөл дулааны алдагдал ихтэй болохоор амьд хүн хөлдөм хүйтэн ажээ. Чанаргүй барилгаа хүлээж аваад мөнгөө эргүүлэн авъя, эсвэл урсгал засварт зарцуулсан мөнгө өгөөд дахин шинээр барьж өг гэснээс үүдэн захиалагч болон гүйцэтгэгч талууд маргах болсон байна. Тиймээс иргэн Д.Болд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2014 оны 07-р сард Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд хандаад байгаа юм. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд хариуцагч тал буюу “Экологийн дулаан хаус” ХХК шүүх хуралдааныг хойшлуулах ямар нэгэн арга саам хийж, ийнхүү хугацаа хожиж байгаа ажээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор буюу “Экологийн дулаан хаус” ХХК-ийн захирал Б.Бямбадоржтой холбогдсон юм. Тэрбээр: “Наад Д.Болд чинь байраа бариулчихаад, өөр юм яриад байгаа юм. Сууринаас нь аягүй их дулаан алдагдаж байгаа. Наадах чинь сууриа буруу хийсэн. Тэгээд өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүн дээр тохож, дундаас нь мөнгө завших гэсэн увиагүй бодлого өвөртөлж байгаа.”
Экологийн дулаан хаус” ХХК-ийн захирал Б.Бямбадорж худлаа ярьж байгаа гэдгийг иргэн Д.Болд хэлж, МХЕГ-ын байцаагчийн гаргасан дүгнэлтүүдийг бидэнд үзүүлсэн юм.
Тэрбээр мэргэжлийны хэд хэдэн байгууллагуудаар дүгнэлт гаргуулсан. Асар их зардал гаргасан гэдгийг тайлбарласан бөгөөд шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсаар байгаад эгдүүцэж байгаагаа хэлж байлаа.
Гэмтэй этгээдүүд хугацаа хожихгэж жил дамнан шүүх хурлыг хойшлуулж болох ихэнх шалтаг шалтгааныг ашигладаг. Энэ аргыг “Экологийн дулаан хаус” ХХК-ийнхан ашиглаж байгаа нь шүүхэд хүндэтгэлгүй хандаж, ажилд нь саад учруулж байгаа хэрэг юм. “Экологийн дулаан хаус” ХХК-ийн гэм буруутайг нь нотлох мэргэжлийн байгууллагуудын хангалттай баримтад тулгуурлан шүүх шуурхай ажиллах бизээ.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа