logo
Хамгийн олон жил загвар өмссөн эмэгтэй

Хамгийн олон жил загвар өмссөн эмэгтэй

2011/10/12
Кармен загварын ертөнцөд бараг 80 жил ажилласан. Кармен Делль Орефайс хамгийн олон жил загвар өмссөн амжилтаараа Гиннесийн номонд нэрээ мөнхөлсөн байна. 80 настай тэрээр одоо ч гэсэн тайзан дээр алхдаг. Кармен 1931 оны нэгдүгээр сарын 3-нд Нью-Йоркт төржээ. Бяцхан охин байхаасаа л загвар өмсөгчөөр ажиллаж тэрээр одоо ч гэсэн тайзнаа алхсаар байна.
Кармений эцэг эх нь Итали, Унгар хүмүүс байжээ. Тэд үргэлж л муудалцаж, салж нийлдэг байснаас болж Кармен асрах газар, заримдаа хамаатнуудындаа амьдардаг байжээ. Харин 1942 онд тэрээр ээжтэйгээ уулзаж, Нью-Йорк руу нүүсэн байна.
13 настай байхаасаа урлагт хөл тавьсан тэрээр дөнгөж 15-тайдаа  Vogue сэтгүүлд цагийн 7.5 долларын цалинтай ажиллах гэрээг байгуулжээ. Кармен зурагчин Erwin Blumenfeld-н хараанд өртсөн байна. Тэрээр 1947 онд Кармены Vogue  сэтгүүлийн нүүрэнд тавигдсан анхны зургийг авч байжээ.
Ийнхүү загвар өмсөж, зургаа авахуулж байсан ч Кармен, түүний ээж хоёр ядуу хэвээр байсан учраас хувцас оёж зардаг байсан байна. Тэднийх утасгүй байсан учраас Vogue сэтгүүлийнхэн Кармен руу хүн илгээж, ямар ажил гарсан талаар дуулгадаг байж. Тэрээр автобусны билет авах мөнгөө хэмнэн ажил руугаа ролликоор хүртэл явдаг байсан байна.  Кармен хоол тэжээлийн дутагдалд орсон учраас маш туранхай байжээ.
Харин 1947 онд Кармены цалин өсч, цагт 10-25 долларын цалин авдаг болжээ. Энэ онд түүний зураг Vogue сэтгүүлийн нүүрэнд анх удаа тавигдсан бөгөөд тэрээр энэ үед дөнгөж 16-тай байсан юм. Улмаар Кармен Irving Penn,  Gleb Derujinsky, Francesco Scavullo, Norman Parkinson, болон Richard Avedon зэрэг алдартай гэрэл зурагчидтай хамтран ажилласан.
80, 90-ээд оны үед Кармен хөрөнгийн бирж дэх ихэнх мөнгөө алдаж, 1940-1980-аад онд авахуулсан алдартай гэрэл зургуудаа дуудлага худалдаагаар зарахаас өөр аргагүй байдалд орж байсан удаатай.
Кармен олон удаа гэрлэж байжээ. Өнгөрөгч зургадугаар сард тэрээр 80 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Харин долдугаар сард загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Карменыг Лондонгийн урлагийн их сургуулийн хүндэт доктор цолоор шагнасан байна.
Э.АМАР
Холбогдох гэрэл зургуудыг үзэх бол...>>>
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш