Налайхын уурхай үүссэний 100 жилийн ойг 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Оросын эрдэмтэн Майский 1915 онд оросын инженер техникийн ажилтнуудын удирдлагаар 100-гаад ажиллагсадтай уурхайг Налайхад ашиглалтад өгсөн тухай тэмдэглэн үлдээжээ.
Энэхүү түүхэн тэмдэглэлээс Налайхын уурхайн үүссэн 100 жилийн ой өдгөө 2015 онд болох юм гэдгийг хэлэлцэн Монгол улсын Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний бага хурал 2013, 2014 онд Улаанбаатар хот Налайхад хуралдаж түүхэн баримтаар нотолсныг уурхайчдаа, Налайхын уурхайгаа гэсэн халуун сэтгэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Эрдэнэт хүн холбоо” ТББ-ын тэргүүн А.Ганболд асуудал болгон тавьснаар НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дарга Сайнбуянгийн Амарсайхан дэмжиж Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд хэлэлцүүлэн 2014 оны 09-р сарын 08-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор 2015 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын уурхай үүссэний түүхэн 100 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан дүүргийн МАН-ын хороо, Оргил худалдааны төвийн Ерөнхий захирал Ж.Ганбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй энэхүү түүхэн ойг тэмдэглэх комиссыг байгуулж ажиллалаа.
Түүхт ойн баярын хурал энэ сарын 11-нд дүүргийн СУО-д болж, энэхүү түүхэн шийдвэрийг гаргуулахад гар бие оролцож, өөрийн хөрөнгө оруулалтаа оруулсан Налайх нутгийн хүү, уурхайчин гэр бүлийн хүү Сайнбуянгийн Амарсайхан Налайхын уурхайн 100 жилийн ойн баярын хурлыг нээсэн юм. Ойн баярын хурлын хүндэтгэлийн хойморт ахмад уурхайчин Хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ, Т.Окобал, Гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн, Уурхайн нэгэн үеийн дарга Д.Орги, Эрдэнэт хүн холбоо ТББ-ын тэргүүн ахмад уурхайчин Л.Ганболд, Зохион байгуулагч Оргил худалдааны төвийн Ерөнхий захирал Ж.Ганбаатар нар уригдан суулаа.
Гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн “Налайхын уурхайн түүхэн гавьяа” илтгэл тавьсан бол уурхайчдаа төлөөлөн ахмад уурхайчин, Хөдөлмөрийн баатар Т.Окобал, уурхайн үе үеийн дарга нарыг төлөөлж Д.Орги нар сэтгэгдлээ хэлэхдээ төр засаг ялангуяа дүүргийн удирдлага сэтгэл гаргаагүй нь тун харамсалтай уг нь тэд ч гэсэн уурхайчдын үр сад даа хэмээн онцлож байлаа. Түүнчлэн Сайнбуянгийн Амарсайхан, Жамбалын Ганбаатар нарын төрөлх нутгаа хөгжүүлэхийн төлөө гэсэн чин сэтгэлтэй, уурхайчдын үр хүүхэд энэхүү 100 жилийн ойг тэмдэглэхийн төлөө зүтгэж, “харьяалалгүй ахмад”-ууд биднийгээ уулзуулсанд тун баяртай байна гэж байв.
Хойч үе болсон залуу уурхайчид Их уурхайн тугийг цэнгүүлж, 100 жилийн ойн медалийн дээжийг ч тугандаа зүүж өгсөн юм. Гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэнгийн хувийн фондноос эвлүүлсэн дурсамжит богино киног үзсэн уурхайчид маань дурсамж сэргээсэн сайхан кино байна, аав ээжээ амьд сэрүүн байгаагаар харах яасан сайхан юм бэ гэцгээн нулимс мэлмэрүүлж байв.
Нийт 1000 гаруй ахмад уурхайчныг хамруулан, 100 жилийн ойн медалиар энгэрийг нь мялааж, гарын бэлэг гардуулж байгаад ахмад уурхайчид маань “биднийг гэдэг хүмүүс байдаг л юм байна” хэмээж, баярын нулимс унагаж байсан юм.