МАХН-аас Н.Энхбаярын ял шийтгэл нь хоёр ч удаагийн өршөөлийн хуулиар өршөөгдөж, гэм буруугүй болсон гэж тайлбарлаж байгаа. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар "Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэж мэдэгдэж байгаа юм.
МАХН-ын нарийн бичгийн дарга нар тайлбар хийсний дараа Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр "Хүмүүс дураараа ярьж байна. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа нь дуусаагүй байгаа шүү” гэх тайлбарыг өгсөн.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан Н.Энхбаярт ноогдуулсан ял болон түүний ялтай байдлын лавлагааг олон нийтэд танилцуулсан.
Гэвч МАХН-ын зүгээс эдгээр мэдээллүүдийг сөргүүлэн хоёр ч зүйл бүхий тайлбараар "Н.Энхбаяр нь 2009, 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиудад хамрагдаж өдгөө ял шийтгэлгүй болсон” гэв.
Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад "Н.Энхбаяр Өршөөлийн хуульд хамрагдахаар байгаа. Түүнийг гэм буруутайд тооцох хугацаа нь Өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Тэгэхээр энэ хүн улс төрийн болон төрийн захиргааны албан тушаал хашаад явах эрх нь нээгдсэн гэж ойлгож байгаа” хэмээн тайлбарлажээ.
Эдгээр тайлбаруудаас харахад нийгэм хоёр хуваагджээ гэж ойлгогдож байна. Гэвч Ерөнхийлөгчийн туслах, УИХ-ын гишүүн, улс төрийн намын Нарийн бичгийн дарга нарын аль нь ч "хуулийг тайлбарлах субьект биш” гэдэг цорын ганц гаргалгаа энд бий.
Учир нь хуулиар "хууль тайлбарлах эрх”-ийг Үндсэн хуулийн Цэцэд л олгосон байдаг. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь хууль тайлбарлаж, эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг болж. Харин жинхэнэ хууль тайлбарлах ёстой субьект нь өөрөө арьсаа хамгаалж, өөр асуудалд хутгалдаад л явж байна.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох эсэх асуудал Үндсэн хуулийн Цэцэд ямар ч "падлийгүй” асуудал л даа. Гэвч гаргасан шийдвэрээсээ болоод зээлийг зогсоож, өөрсдөө ч асуудал хутгалдаж, яаран сандран сүржин мэдэгдэл хийж, тэвдэж явна.
Уг нь Үндсэн хуулийн цэцэд орон сууцны зээл мэтийн асуудалд орооцолдоод хүмүүсээс дарамтуулсан мессеж хүлээж аваад явж байх хүмүүс байх ёсгүй л гэж ойлгодог. Энгийнээр хэлбэл, Н.Энхбаярын ялтай хугацаа дуусгавар болсон уу, үгүй юу гэдгийг тайлбарлаад л эцсийн байдлаар асуудалд цэг тавиад л байж байх ёстой юмсан. Гэтэл гаргасан шийдвэрээсээ болоод бусдад дарамтлуулж, "матрын нулимс” гаргаж сууна.
Найман хувийн хүүтэй зээл зогсчихсон. Үүнд Үндсэн хуулийн цэц яалтчгүй холбоотой. Гэхдээ асуудал үүсгэж, ач холбогдол өгөөд сүүжрээд байх сэдэв биш л дээ. Банкууд хямралтай байгаа учраас л цэцийн шийдвэрээр далимдуулаад л төрийг шантаачилж байгаа нь энэ гэдгийг хэн хүнгүй л ойлгосон. Үүнд нь цэц хүртэл хутгалдаж, сүр үзүүлж явна гэдэг утгагүй. Чадахгүй бол боль чаддагаар нь хийлгэе гээд л төрийн шийдвэрээр зээлийн асуудлыг шийдвэрлэчиж болохоор.
Харин Үндсэн хуулийн цэц "хууль тайлбарлах ёстой” жинхэнэ ажлаа л хиймээр байна. Нийгэмд үүсээд буй маргааныг тасалж, Н.Энхбаяр ялтай эсэх, цаашид төрийн өндөр албан тушаал хашч болох уу үгүй юу гэдгийг эцсийн байдлаар тайлбарламаар байна.
А.Аюуш