УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзаж байгаа аж. Энэ талаар тодруулга авлаа.
- Жилийн өмнө таныг Ерөнхий сайдад нэр дэвшиж байх үетэй харьцуулахад эдийн засаг улам муудлаа. Та Ерөнхий сайд болоогүйдээ харамсаж байна уу?
- Тухайн үедээ “Р.Амаржаргал аа чи хэрэггүй юм аа” гэж үзсэн. Сонголтод нь би эмзэглэдэггүй, эмзэглэдэг нас өнгөрсөн, тийм юм тоохоо больсон шүү дээ. Өөр хувилбар байсан уу гэвэл байсан. Өөр шийдэл байсан уу гэвэл байсан. Гэхдээ би энэнтэй холбоотойгоор бас нэг зүйл хэлэхэд Ерөнхий сайд хөөрхий өгөгдсөн өгөгдлийнхөө хүрээнд чадлынхаа хэрээр л зүтгэж байна шүү дээ. Болж байгаа, болохгүй байгаа нь 30 дугаар асуудал. Ямар ч байсан зүтгэж л байна. Би л хатуурхаад илүү зүйл шаардаад байгаа юм. Гэхдээ үүнийг ярихгүй, хэлэхгүй бол болохгүй.
- Та Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байж, байнга шүүмжилдаг. Анх удаа л Ерөнхий сайдын тухай эерэг үг унагаж байна?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая тайлангаа тавьсан. Энэ тайланг харж байхад хийсэн ажлууд байна. Гарц олох гэж бүхий л талаар хичээж, ажиллаж байгаа нь харагдсан. Ч.Сайханбилэг юм хийгээгүй биш хийсэн байна гэсэн ойлголт авсан. Нийгэм эдийн засгийн хүндрэлээс гарах, бүтээн байгуулалтын том төслүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа. Миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дутуу байсан юм гэсэн ойлголтод хүрээд байгаа. Юм хийж байгаа, хийх гэж гарц хайж байгаа энэ үед заавал харлуулах, татаж унагах гэж зүтгэх шаардлагагүй. Өөрөөрхэлбэл огцруулах бус дэмжиж ажиллах цаг хугацаа бидэнд үлдээд байна.
- Та Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын цорын ганц гишүүн. Хэтэрхий хатуурхаж байна гэхээр энэ саналаасаа татгалзах юм байна гэж ойлгож болох уу?
-Аливаа юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Би дэмжиж ажиллана гэдгээ хэвлэлүүдэд мэдэгдсэн байгаа.