Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулав. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө. Үүнд:
- Явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах
- Халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс, бодис нөөцлөх талаар цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах
- Гэмт хэргийн гаралт их байгаатай холбогдуулан “Хөршийн холбоо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд 12 дугаар сарын 31-ний үдэш болох баярын цэнгүүнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах
- Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг үүрэгжүүлж хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шаардлагатай тохиодолд ажиллах аюулгүй ажиллагааны бригадыг бэлэн байлгах, хяналт тавьж ажиллах
- Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудад хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах
- Баярын өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах
- Нийслэл, дүүргийн 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2016 оны 1 дүгээр сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулахыг үүрэг болголоо