logo
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлнэ

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 01 сарын 06-нд эхэлнэ

2015/12/22
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 сарын 06-ны өдрөөс 01 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.
Нийслэлийн Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлыг үүрэг болгосон юм. Үүнд:
  • Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах
  • Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион  байгуулах журмын талаар сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавин ажиллах
  • Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан иргэд, цэргийн үүрэгтнүүдэд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болонцэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль,  эрх зүйн  баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах
  • Тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд  болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам  зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах
  • Дүүргүүд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ,  тайлан, судалгааг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлэх 
Цэргийн тоо бүртгэлийн явц, чанар, цэргийн үүрэгтнүүдийн хамралтад хяналт тавин ажиллаж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдээ, судалгаа, тайланг нэгтгэн танилцуулж, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт даалгав  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш