logo
Хазар монголчуудад туслахыг уриалав

Хазар монголчуудад туслахыг уриалав

2011/10/13
Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг, Ногоон хөдөлгөөн, Ногоон эвсэл, Үндэсний үзэлтний бүлгэмүүд хамтран Монгол үндэс язгууртай гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон хазарчуудын амь нас, эрхийг нь хамгаалахыг өчигдөр төр засаг болон ард түмэнд уриаллаа.
    Хазарууд нь Афганистан, Иран, Пакистан улсад монгол цус, зүстэй гэсэн шалтгаанаар амьд явах эрхээ эдэлж чадахгүй зовж зүдэрч байгаа гэнэ. Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр "Хазар ахан дүүстээ бид сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэх, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах, Монгол Улсын иргэний бичиг баримт олгох, тэднийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зэргээр тусалж болох байна. Тэд маань зөвхөн тусламж авах гэж байгаа бус харилцан туслалцах хамтын ажиллагааг мөн хүсч байгаа. Үүнд, хоёр талын байгууллагууд байгуулах, ХАА, худалдаа, бизнес, соёл, спортын солилцоо, ах дүү хот зэрэг чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй байна. Хазар нөхөд маань Багахангайн махкомбинатад исламын стандартаар мах бэлтгэх, цэцэрлэг тариалж хөгжүүлэх, уул уурхай, барилгад мэргэжилтэн болох, перс хивсний үйлдвэр, хазар зоогийн газар байгуулах гээд санал дэвшүүлэхээр Монголд ирдэг" гэв.
     Олон зуун жилийн тэртээгээс монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байсан байна. Хүннү, Чингис хаан, Хүлэгү хаан, Төмөр хаан, Бабур хааны үед өвөг монголчууд, пэрсжсэн монголчууд, түрэгжсэн монголчууд тэнд олноор суурьшжээ. Тэдний хувьд хөрш ард түмнүүдтэй холилдох, уусах явдал ч байсан байна. Ийнхүү хазар гэх монгол туургатан үүсчээ. Могул гүрнийг байгуулах, мандан бадрахад хазаруудын гүйцэтгэсэн үүрэг их байсан байна. Харин уг гүрэн мөхсөний дараа өсөрхсөн ард түмнүүдийн хүрээлэл дунд орж, тал бүрээс халдлагад өртөх болсноор XIX зууны эцсээр тэд харийн түрэмгийлэгчдэд сая саяаараа алуулж, Хазара Жат улс нь мөхжээ. Энэ үеэр хүн амын 60 хувь нь устсан байна. ХХ зууны 50-иад онд тэмцээд үндэсний мужаа устгуулж, нийслэл Панжаб хотоо газартай тэгшлүүлсэн байна. 1990-ээд онд удирдагч Баба Мазарын удирдлаган дор босч тэмцсэн ч удирдагчийг нь нисдэг тэрэгнээс шидэн хороож, хазаруудыг алж хяджээ. Энэ мэт дарлагдсаар 2011 он гарснаас хойш тэд пуужингийн харвалтад өртөж долоон хүн амь эрсдсэн, Пакистаны спортын байгууллагын орлогч дарга хазар хүнийг буудан алсан, мөн цагдаагийн албан хаагч хазар хоёр хүний амийг хөнөөсөн, сүүлийн хоёр сард 25 хазар хүн үндэсний ялгаварлан гадуурхлаас болж алагджээ. Мөн сууж явсан автобусыг нь дэлбэлж 26 хүний амь эрдсэн байна.
    Хазаруудын дунд Боржигон, Бэсүд, Барлас, Жалайр, Жадран, Найман, Хасар, Тулуй хаан, Нэгүдүр, Чахар, Хулбарс, Их Чоно, Аймаг, Болд гээд монгол нэртэй овог аймаг байдаг аж. Зан заншил, ёс заншилын хувьд монголчуудтай төстэй эрийн гурван наадам хийдэг байна. Хазаруудын зүс царай нь монголжуу бөгөөд пэрсийн "хэзара" буюу "мянга" гэх үгээр угсаатан зүйн нэршилтэй болсог гэгддэг ч хязгаар, газар, азарга зэрэг монгол үгтэй холбож үзэх нь ч байдаг гэнэ. Хазар хэлний үгсийн сангийн 20 хувийг монгол, 10 хувийг түрэгжсэн монголчуудаар дамжин орж ирсэн түргэ, 70 хувийг пэрсжсэн монголчуудаар дамжин орж ирсэн пэрс үгс эзэлдэг байна.
    Афганистанаас өөр оронд байгаа хазарууд өөрдсийгөө хазар монгол гэж нэрлэж, Чингис буюу Чангэзи гэх овог авч, Монгол Улсыг Аугаа Монгол гэж үзэж, түүхэн эх орондоо очихсон гэж мөрөөдөж, нэг нутгийнхан буюу кавма гэж дууддаг байна. Хазар 20 гаруй оюутан ТББ-уудын хандиваар Монгол Улсын их сургуулиудад сурч байна.
Б.Үүлэнсолонго
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш