Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Гишүүн Э.Бат-Үүл байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний холбогдох газар, агентлагийн удирдлагууд төсвийн тодотголын талаар ямар нэг нэмэлт саналгүй бол тодотголыг шуурхай хэлэлцээд явъя гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 оны 6-р сарын 24-ний өдөр баталсан. Энэ хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг намын бүлгүүдээр хэлэлцүүлэх, дахин боловсруулахаар тус байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Иймээс дээрх хууль болон хуулийн төслүүдийн агуулга, зарчимд нийцүүлэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Дөрвөн зүйлтэй энэ хуулиар улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан бүх төрлийн зорилт, арга хэмжээ, үндсэн зорилго, хүрэх үр дүн, түүнийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс болон орон нутгийн төсвөөс шаардагдах санхүүжилтийн хэмжээг зорилт, арга хэмжээ нэг бүрээр тооцуулах, эх үүсвэрийг нь тодорхойлуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна. Иймээс Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд 29.4-29.7 гэсэн хэсгийг нэмэх, 30 дугаар зүйлийн 30.12.3 дахь заалтад өөрчлөлт оруулах төслийг байнгын хорооны гишүүд дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хариуцлагатай хандах, тодорхой шаардлага тавих ёстой гэсэн асуудлыг хуулиар бий болгох үүднээс Төсвийн байнгын хороо УИХ-ын сонгуулийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зарчмын өөрчлөлтүүдийг тусган санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт нэр дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй улсын төсвөөс санхүүжилт шаардагдах аливаа зорилтыг тусгахгүй байх, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар сонгууль явагдаж байгаа хугацаанд амлах, сурталчлахыг хориглох санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Түүнчлэн тэд энэ заалтыг зөрчсөн тохиолдолд СЕХ нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, бүртгэлээс хасах үндэслэл болох санал гаргасан нь олонхийн дэмжлэг авлаа.