logo
28:48 хувилбар буюу “Шингэн дуут”-ын сураг алдрах дараагийн парламент

28:48 хувилбар буюу “Шингэн дуут”-ын сураг алдрах дараагийн парламент

2011/10/13
Эрх баригч намууд сонгуулийн хуулийн тохиролцоонд хүрэх гэж ямх ямхаар урагшилж, хэлэлцээрийн ширээний ард сууж боссоор байна. Хамгийн сүүлд өчигдөр дахин нэг удаа ширээний ард тааралдаж, 28:48 буюу МАН “хүнээ л сонгуулъя” гэдэг өмнө санал болгосон мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоо зүтгүүлээд байсныг АН-ынхан буулт хийн хүлээн авахаар болсон гэнэ. Хоёр намын кадрууд тохиролцоонд нэгэнт хүрсэн хойно галт тэрэг хурдаа авч, нүд ирмэхийн зуур л чуулганы хуралдаан, санал хураалт гэх жижиг асуудлууд өрнөж дуусна. Ингээд бид дахиад жалга довны үзэлтнүүдийг даган багаар бодоход дөрвөн жил ядуухан, ядруухан сажлах хэрэгтэй болох нь.
УИХ-ын 1992 оны сонгуулиас хойш монголчууд дан мажоритар тогтолцоогоор саналаа өгч ирсэн. Өнгөрсөн хугацаанд мажоритар тогтолцоо сайнаасаа муугаа илүү үзүүлсээр ирсний балгаар жалга довны эрх ашгийн төлөө том ярьдаг жижиг гаруудын улс төрчидтэй болсон. Төсвийн мөнгийг том бүтээн байгуулалтад зориулахаасаа илүү тойргийнхоо сургууль, эмнэлгийн дээврийн цоорхойг бөглөж, өөрт нь түлхүү санал өгсөн баг руу авто зам, цахилгааны шугам тавиулах гэж улайрах болсон. Ажлын байр гаргаж байнгын орлоготой залгуулахаасаа өмнө бэлэн мөнгийг тарааж, иргэдээ байнгын асаргаатай бие сул хөхүүл хүүхэд шиг болгож орхисон. Хүүхдийн мөнгийг хасах хэрнээ ямааны ноолуур, тэмээний ноосонд  нөхөн олговор олгоно. Сонгуульд хэн ялахаа мөнгөөр шийднэ. Авлига дэлгэрүүлнэ. Ямар сайндаа “Комиссын бараа, компьютер тараагч”, “76 мулгуу ямаа” гэх сонгодог нэрийг зүүцгээж байхав. Анх л ямаанд мөнгө хуваарилахад нэгэн сэтгүүлч “С.Баярын засгийн үед хүн болж төрснөөс ямаа болж төрсөн дээр” гэдэг дүгнэлтийг хийж байлаа шүү дээ. Монгол төрийн түшээ гэсэн том нэрийн дор багийн иргэдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч өчүүхэн сэтгэлгээнд хүлэгдэж, улсын нэгдсэн төсвийг хулганын нүх бүрт тараасаар 20 жил өнгөрөөсний балгаар 2000 онд 36 хувьтай байсан ядуусын тоо буурсангүй. Харин ч баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар мэт болж, хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг үндсэн орлогоо болгосон бүхэл бүтэн давхрага нийгэмд үүслээ.  Гишүүн бүр төсвөөс тэрбум төгрөг татаж тойргоо додомдоод ч нэмэр болсонгүй, 76 тэрбум төгрөг хувь гишүүний нэр хүндийг өсгөх гишгүүр болоод л өнгөрсөн. “Хүнээ л сонгоно шүү гэж сонгогчид захиад байна” гэсэн үгийн цаана ах дүү, хамаатан садан, найз нөхөд олонтой тойргоо өмчилж, дахин сонгогдох сонирхлоос өөр юу ч байхгүй гэдэг нууц биш. Тойргийн сонгогчдодоо сайн нэр олохын төлөө, УИХ-д дахин сонгуулахын төлөө гурил будаа зөөж, гудамж шүүрдэхээс наагуур болсон сэтгэлгээнээс гишүүдээ чөлөөлж, иргэдээ угжнаас салгаж өөрөө өөрийнхөө амьдралыг даах хат суулгахын тулд бодлогыг сонгох цаг уг нь ирсэн л байсан юм.
Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явуулахад тойрог төлөөлөөгүй гишүүд улс орны хэмжээнд сэтгэнэ үү гэхээс тойрогтоо хүлэгдэж толгойгоо гашилгахгүй. Пропорциональ элементтэй холимог тогтолцоогоор санал хураахад эмэгтэйчүүдийн квот оруулж өгөх боломж бас нээгдэх л учиртай юм. 
УИХ  гэдэг ноёдын тансагладаг сэнтий бус нийт ард түмний төлөөлөл, дуу хоолой нь гэдгийг мартаад байгаа эрхэм гишүүд мажоритар системээр сонгуульдаж мөнгөөр уралдсаар дараагийн  парламентад эмэгтэй гишүүний бараа тасарч мэдэхээр болсон. Улс төрд эрчүүд азаргалж, мөнгөөр бүхнийг шийдэж, бүх суудлаа өмчилж суутал Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэх 2015 он хаяанд тулж байна. Дөрвөн жилийн дараа гэхэд УИХ-ын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүд болгох амлалтыг дэлхий нийтийн өмнө хүлээсэн Монгол Улс өдгөө гуравхан бүсгүй гишүүнтэй сууж байна. Тэр амлалт хэрэгжихгүй нь бараг тодорхой болсон ч ядаж 10 хувьд хүргэх боломж пропорциональ давуу сонгууль хийвэл гарч мэдэх байлаа. Мөнгө төгрөг, бэлэг сэлтээр авлигадаж авсан суудалд дөрвөн жил заларч, гурван жилд нь жирийн сонгогчдоо мартдаг байдлыг халъя гэвэл пропорциональ руу зоригтой алхам хийх ёстойг гишүүд мэдэж л байгаа. Ялангуяа Монгол Улс уул уурхайн орон болж үсрэнгүй хөгжлийн ирээдүй хүлээж байгаа энэ торгон үед хувь хүнийг бус нэгдсэн бодлогыг сонгох цаг ирж дээ уг нь.
Д.Гэрэл
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш