logo
“Олон овоот”-ын булхайг Н.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Сэдваанчиг нар дэлгэлээ

“Олон овоот”-ын булхайг Н.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Сэдваанчиг нар дэлгэлээ

2011/10/13
Өчигдөр олон чухал асуудал саарал ордонд өрнөлөө. Хоёр намын бүлэг сонгуулийнхаа хувилбар дээр тохиролцох торгон агшинд Засгийн газраас бонд гаргаж “Зоос”, “Анод” банкинд зээлүүлсэн мөнгөний эргэн төлөлтийг шалгасан Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Н.Батбаяр, Ц.Сэдванчиг нар хэвлэлийн бага хурал хийлгэв. Тэд “энэ явдал нь төрийн мөнгөөр “Жаст” компанийг тэтгэсэн, төрийн томчуудаас оролцсон, “муухай бизнесийн үнэр” ханхалсан хэрэг боллоо” хэмээн үзэж буйгаа илэрхийлж татвар төлөгчдийн мөнгийг эргүүлж төлөхийг шаардсан юм.
УИХ-н гишүүн О.Чулуунбат “Зоос” банк муудсан нь үнэн. Түүнийг муутгасан гол төсөл бол Олон овоотын төсөл. Хувийн компани ард нь байдаг. “Зоос” банкийг аврахаар Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 95 тэрбум төгрөгийг “Зоос”-д олгосон. Бусад оронд хэрэглэгддэг зарчим бол хэрэв Засгийн газраас аль нэг арилжааны банкинд зээл олговол заавал барьцаа авч нээлттэй зах зээл дээр ил тодоор зарж борлуулдаг. Орлогоор нь төсвийн алдагдлыг хаах хэрэгтэй. Гэтэл манайд лицензийг зарж зээл төлөх бүү хэл, хувийн компанид чимээгүй шилжүүлсэн үйлдэл гарсан. Төсвийн мөнгө хоёр жил гаруй хувийн компанид ашиглагдаж байна гэсэн үг. Энэ бол Монголын түүхэнд өмнө гараагүй тохиолдол. Тиймээс Засгийн газар энэ алдааг залруулж, барьцаагаа даруйхан зах зээл дээр зарж татвар төлөгчдийн мөнгийг эргүүлж төлөх ёстой. Өнөөдөр төсөв хүндрэлтэй байхад нэг хувийн компани 100 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй, түүнийгээ төлөхгүй хойшлуулаад яваад байж болохгүй. Зарчимд ч, хуульд ч нийлэхгүй үйл явдал гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан. Тэнд бас янз бүрийн муухай бизнес орсон үнэр ханхалж байгаа тул ил гаргах хэрэгтэй байна” гэлээ.
Харин гишүүн Н.Батбаяр “Зоос” банк дампуурсан. Хувьцаа эзэмшигчид, удирдлага нь буруу ажилласан. Ард нь иргэдийн хадгаламжийн мөнгө байсан. Дампуурлаас иргэдийн хадгаламжийг гаргахын тулд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Тэр 100 тэрбум төгрөг огт алга болоогүй. Тэр мөнгийг хувийн “Жаст” компани руу шилжүүлсэн нь хууль бус үйлдэл болсон. “Жаст”-ын мэдэлд очсон Олон овоот бол алтны өндөр ашигтай уурхай. Түүний эзэд “Зоос”-ыг дампууруулсан юм бол уурхайг нээлттэй дуудлага худалдаагаар зарж төрийг хохиролгүй болгох ёстой байтал тэгээгүй. Уурхайн эзэн нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр байсныг “Жаст”-ын н.Батхүү болгоод төрөөс санхүүжүүлсэн хууль бус ажиллагаа болсон. Тэр 100 тэрбум төгрөг хэзээ буцаж ирэхийг Монголбанк, Сангийн яам мэдэхгүй гээд сууж байна. Монголд төр байна уу, үгүй юү. Монголын төрийн мөнгөөр хэн нэг хүн дураараа дургиж болохгүй. Дампуурсан бол дампууруулсан нөхөд хариуцлага хүлээх ёстой. Үүний цаана төрд байгаа нөлөө бүхий хүмүүс бий учраас ингэж дураараа дургиад байна. Төрийн 100 тэрбум төгрөгийг буцааж төлөхийн тулд алтны үйлдвэрийг зарах ёстой” гэж байв.
О.Чулуунбат гишүүний хэлснээр хэрэв аль нэг төсөлд улс зээл олговол төслийг барьцаанд барьж байх ёстой аж. “Дөрвөн банк Олон овоотод зээл өгсөн. Хамтарсан зээл гэсэн үг. Тэр хэмжээгээрээ төсөл барьцаанд байж хариуцлагаа хүлээх ёстой. Яг ийм тохиолдол Олон овоотод гарлаа. Тэнд “Анод”, “Зоос”, Худалдаа хөгжил, Голомт банк зээл өгсөн. Зээлээ төлж чадахгүй бол Олон овоотыг зарж орлогыг зээл олгосон хувь хэмжээгээр нь дээрх банкуудад өгөх ёстой. Төр, засаг “Зоос” банкны ганц энэ төсөлд 60 тэрбум төгрөг өгчихөөд, түүгээрээ хамгийн том зээлдэгч болоод байна. Олон улсын практикаар бол хамгийн том зээлдэгч нь бусад зээлдэгчтэй ярилцаад төслийг зах дээр борлуулж зээлсэн хувь хувиараа орлогоо авах ёстой. Төр мэдлэггүй, туршлагагүй байж болно. Гэхдээ шийдвэрээ сэтгэлтэй гаргах ёстой. Бусад оронд олонхийн төлөө хууль гардаг бол манайд ганц компанид үйлчилсэн хуультай болоод байна” гэсэн тайлбарыг тэрбээр хийлээ. Н.Батбаяр гишүүн 100 тэрбум төгрөг гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг жишээ татан тайлбарлав. Хоёр жилийн өмнө яг өдийд нэг өрөө байр 25 сая төгрөг байжээ. Энэ нь 4000 айлын орон сууц гэсэн үг. Хонь 25 мянган төгрөг байсан гэвэл дөрвөн сая хонины үнэ ажээ. Төрийн ийм хэмжээний мөнгийг ганц компанид өгсөн хэрэг болсон гэлээ. Төрийн мөнгийг хоёр жил ашиглаад, бас уурхайгаа ашиглаад ашиг олоод байгааг эрхэм гишүүд байж болшгүй хэрэг гэсэн юм. Энэ хэргийн цаана Ерөнхий сайд асан С.Баяр, Ховдынхон, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл байгаа гэсэн ажиг сэжиг байдаг талаар тодруулга авахыг хүссэн сэтгүүлчдийн асуултад гишүүн Н.Батбаяр “Зоос”-ыг нэг өдөр зарлаад л дампуурсан гэсэн. “Монгол газар”-ын зээл чанаргүй зээлд шилжлээ гээд л дампууруулсан.  “Монгол газар”-ын Олон овоотыг “Жаст”-ад өгөхийн тулд зохион байгуулалттай хийсэн хэрэг гэж үзэх дүгнэлтэд хүргэж байна. Нэг компани нөгөөгөөсөө бизнесийг нь дээрэмдэхийн тулд зориуд нэг банкийг дампууруулж, төрийг өрөнд оруулсан. Ийм гаднын технологи Монголд орж ирж болохгүй гэдгийг хоёр жилийн өмнө хэлж байсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын хоёр дэд дарга, хоёр намын бүлгийн дарга, Эдийн засаг, Төсвийн байнгын хороодын дарга, хоёр Шадар сайд, Хууль зүй, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, бас миний бие энэ тухай яригдахад оролцсон. Хэрэв Н.Батбаяр гишүүний хэлж байгаагаар бол эрүүгийн хэрэг шүү гэж хэлцгээж байсан. Гэтэл өнөөдөр 100 тэрбум төгрөг алдчихсан байна. Төрд нөлөө бүхий хүмүүс үүнийг зохион байгуулалцаж байна. Үүний цаана С.Баяр байгаа, бусдыг хэлж мэдэхгүй” гэсэн хариулт өгөв. 
О.Чулуунбат гишүүн ажлын хэсгийн зорилго бол хэн нэг том хүн үүний цаана байна уу гэдгийг шалгаагүй, гишүүдэд ч тийм эрх байхгүй. Хэвлэлийнхэн, цагдаагийнхан үүнийг шалгаж дуу хоолойгоо гаргах байх гэлээ. Гишүүн Ц.Сэдванчиг “Анод”-од 150 тэрбум, “Зоос”-д 110 тэрбум гээд 200 тэрбум төгрөгөөр төр хохироод байгааг, эргэж төлөгдөх нь эргэлзээтэй байгааг хэллээ. “Хадгаламж” банкийг “Жаст” авсан. “Зоос”, “Анод” дампуурсан. Одоо Голомтын зээлийг цэвэрлээд төрийг хохиролгүй болгох хэрэгтэй гэж гишүүд хэлж байлаа.

Д.Гэрэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш