Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд 30 орчим насны Осгонбаяр гэгч залуу 50 сар буюу 1500 хоног бодит хорвоогоос өөрийгөө тусгаарлаж, бясалгал хийгээд гарч ирсэн. Түүнийг гарч ирэх явцыг NBS телевизийн сэтгүүлч мэдээлж байсан билээ. Осгонбаяр бясалгал хийх болсон шалтгаанаа авилга хээл хэрээс хэтэрч, улс төр, эдийн засгийн элдэв будлиант бохир байдал гаарсанд бухимдсанаас болсон гэж тухайн үед тайлбарлаж байлаа. Түүнийг дөрвөн жил дотоодыг барьсны эцэст бодит ертөнцтэй ахин гарч ирэх үед “Шунхлай”-ийн” П.Батсайхан, МСS-ийн дэд захирал Энх-Амгалан, Номин талст хамтлагийн дуучин Хаянхярваа нарын хүмүүс угтахаар очсон байсан нь одоо хэр дуулиан шуугиан үргэлжлэхэд хүргээж байгаа юм байна. Тэдгээр эхмүүд бясалгал хийж буй гэрийн хажууханд баригдаж буй сүмийн барилгад мөнгө хөрөнгийн дэмжлэг үзүүлэхийн дээр багш шавийн барилдлагаатай гэнэ. Харин Осгонбаяр ламтан шавь нараа ихэд бухимдагуй хүлээн авч, хатуу ширүүн үгээр сургасан айлдвар хэлсэн нь олны анхаарлыг эрхгүй татсан бололтой. Түүнчлэн Осгонбаяр баян ядуугийн ялгаа эрс мэдрэгдсэн, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь тэнгэрээс буугаад ирсэн мэт амьдралаас тасарсан, дээрэнгүй омогтой болсон, цагаа тулахад хэн хэчнээн төгрөгтэй нь хамаагүй бүгд хүний тавиланг ижилхэн туулахаас өөр замгүй. Түүнийгээ мартаад байгааг хатуу сануулж байгаа бөгөөд ирэх 11 сард гарч ирэхдээ хэнээс ч айж эмээлгүйгээр, ямарваа нэгэн хөрөнгө мөнгөний барьцаагүйгээр Монголын нийгэмд цоо шинэ зүйлийг нэвтрүүлж мэдэхээр байгааг ойлгуулаад буцан орсон. Харин энэхүү үйл явдлын талаар эрдэмтэд, сэтгэгчид ярьж дүгнэж эхэлсэн бөгөөд Монголын нийгэмд ямар нэг томоохон тэсрэлтийг хаа хаанаа хүлээгээд эхэлсэн нь тодорхой болж байна. Харин Осгонбаярыг бясалгал хийж буй хүнийх энь хувьд олон түмэн хэдийнэ сонирхоод эхэлчихжээ. Тиймээс ч агаар салхинд гарддаггүй байсан уу, хүний биенээс гардаг илүүдэл бясалгалч хүнээс гардаг болов уу, тийм бол хэрхэн зохицуулж байсан бол, үйлчилдэг байсан банди нартайгаа нэг ч үг дуугардаггүй байсан уу, гэр бүлтэй байсан уу, одоо 30 орчим насны залуу бол 20 гаруй насандаа ийм их зоргийг гаргана гэдэг эгэл хүн мөн үү, эцэг эх нь ямар хүмүүс байдаг бол цаашдаа юу хийх бол гэхчлэн олон асуултуудын хариултыг нэхэж эхэлж байна. Түүгээр ч зогсохгүй интернэт хэрэглэгчдийн дунд “Сайн бод. Сайн бод” гэдэг хүчээ авч эхэлжээ.
Тэмдэглэсэн: Э.Болор