Монгол Улсын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, нийслэлийг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Аялал Жуулчлалын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллана. Үүнд:
Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллана. Үүнд:
- Нийслэл ба түүний ойролцоо бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аялал жуулчлалын худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэг стандарттай болгох
- Улаанбаатар хотод Монгол брэндийн олон улсын стандартад нийцсэн худалдааны төв бий болгох
- Нийтийг хамарсан аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах
- Дотоод, гадаадын жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх жуулчны мэдээллийн төв байгуулах
- Аялал жуулчлалын улирлыг уртасгах зорилгоор нийслэлд худалдаа үйлчилгээ, үзвэрийн газрын цогцолбор байгуулах
- Шинэ нисэх онгоцны буудал орчмын газар нутгийг аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, дамжин өнгөрөх жуулчдыг татах зорилгоор “Khan city” бий болгох, бүтээн байгуулах тал дээр дэмжиж ажиллах
- Улаанбаатар хот орчмын аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүс болохуйц газруудыг тодорхойлж, худалдаа үйлчилгээ болон үзвэрийн газар бүхий цогцолбор байгууламжуудыг тараан байршуулах
- Шууд нислэггүй бүс нутгууд руу захиалгат нислэг үйлдэх зорилгоор түрээсийн онгоцны тоог нэмэгдүүлэхийг дэмжин ажиллах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.