logo
Истанбул хотын Захирагч Кадыр Топбаз Улаанбаатар хотод айлчилна

Истанбул хотын Захирагч Кадыр Топбаз Улаанбаатар хотод айлчилна

2016/02/17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагозыг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотын Захирагч Кадыр Топбаз Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд айлчлах богино хугацааны айлчлалыг үр дүнтэй болгох, тус хотын даргыг дагалдан ирэх бизнесийн бүрэлдэхүүний чиглэлийг тодорхойлох үүднээс талууд бэлтгэл ажлыг сайтар хангах нь чухал гэдгийг онцлов.   

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод Турк хороолол, Туркийн соёлын төв байгуулах саналтай байна. Мөн нийслэлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх үүднээс Туркиш Эйрлайны шууд нислэгийг эхлүүлэх хүсэлтэй байгаа юм. Уг асуудал удааширч байгаа хэдий ч уйгагүй хөөцөлдөж ажил хэрэг болгохыг зорьж байна” гэв.  

Элчин Сайд Мурат Карагоз “Улаанбаатар хотын зүгээс хамтарч ажиллах саналуудаа боловсруулж бичгээр уламжлах, санамж бичигт гарын үсэг зурах санал дэвшүүлж, Туркийн талаас сүү сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах чиглэлд хамтарч ажиллах боломжтой. Түүнчлэн Улаанбаатар хот ямар чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал болохоо тодорхойлж бидэнд мэдэгдвэл тухайн чиглэлийн хүмүүсийг бизнесийн багийн бүрэлдэхүүнд оруулах болно” гэдгээ мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш