Завхан аймаг Хөвсгөлийн Могойн голын уурхайгаас нүүрс тээвэрлэн хэрэгцээгээ хангадаг. Мөн тус аймгийн говийн сумдад шаваг, тэсэг зэрэг модлог ургамлыг түүж түлшинд ашиглахыг хориглосон. Тиймээс Завханчууд түлээ, нүүрсний зардалдаа жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
Уг нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах зорилгоор геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх талаар тусгагдсан. Гэвч бодит ажил хийгдээгүй байна. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тандан судалгаа, хайгуулын ажил хийгдэж Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Нөмрөг, Тэлмэн сумдын нутагт нүүрсний арваад орд, илэрц байгааг тогтоогоод байна.