logo
Сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт дуусгана

Сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт дуусгана

2011/10/15
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг эхэлж, Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч олон нийтийн анхаарлын төвд байгаа сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг үргэлжилж буй энэ хугацаанд уг төслийг улам чамбайруулж, ирэх 7 хоногт эцсийн хэлэлцүүлгээ дуусгах чиглэлээр ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болголоо. Хуралдааны эхэнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын ТББХ-ны танилцуулга, уг төсөлтэй холбогдуулан тус Байнгын хорооноос оруулсан саналыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд гишүүдэд  сонсгов.  Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асуув.
Ц.Сэдванчиг гишүүн:
-Анхны хэлэлцүүлэг хийхэд тооны харьцаанаас аваад олон асуудал дээр санал нийлэхгүй байсан намын бүлэг завсарлага авсны дараа эцсийн хэлэлцүүлэг хийхэд бэлэн болж, хууль батлах түвшиндээ хүрчихсэн гэж ойлгож болох уу. Тооны харьцааны асуудлыг томьёолон оруулж ирээгүй байна шүү дээ гэлээ.
 Н.Энхболд гишүүн:
-Энэ бол эцсийн хэлэлцүүлэг хийгээд дуусаж байгаа хэрэг биш. Бүлгүүдийн хувьд шийдэгдээгүй асуудлаа яриад явж байгаа. Өнөөдрийн оруулж ирж буй санал хураах томьёоллууд бол анхны хэлэлцүүлэг дээр ярьсан тойрогтой холбоогүй, техникийн асуудлууд. Анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн зарим асуудлаа нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Ингээд асуудлаа шийдэхийн хэрээр эцэслээд явах нь хууль зөрчиж байгаа хэрэг биш юм.
- УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
 -Өнгөрсөн сонгуулийн үеэр намууд байгалийн баялаг ашигласнаас олж буй орлогыг иргэддээ хуваарилна гэж амласан. Ирэх сонгуулиар иргэд ийм хүсэлт тавивал яах вэ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй юм уу 21000 төгрөгөөр л амь зууж буй иргэд “Намууд юу ч амлахгүй байна. Хүний хөгжлийн хишиг ингээд л дуусаа юу” гэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр амлаж болохгүй нь ойлгомжтой. Харин хувийн хөрөнгөөрөө ийм асуудлыг тань ингэж шийднэ гэж сонгогчдод амлах тухайд хуулийн төсөл дээр ажиллаж буй ажлын хэсэг ямар нэгэн заалт оруулсан уу гэлээ.
- Н.Энхболд гишүүн:
-Мөнгөн амлалтаар иргэдийн санал авдаг зуршлаас гаръя гэж олон жил, сүүлийн 4 жил ч ярьж хуулийн зохицуулалт хийсэн. Төсвийн болон төсвийн сахилгын тухай хуулиар сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хориглосон. “Иргэд хүсэж байна” гэдэг үгийн хувьд би өөрөө ч УИХ-ын гишүүн. Иргэд харин “Ингэж бэлэн мөнгө тараахаа болих юм биш үү?” л гэдэг. Халамжийн мөнгө өгсөн ч нүдийг нь олж өгөх хэрэгтэй. Ажлын хэсэг энэ хүрээнд ажилласан. Харин хувийн хөрөнгөөр амлах тухайд хуулийн төсөлд тусгаагүй. Ер нь энэ бол сонгуулийн хуультай холбоотой асуудал биш, халамжийн бодлого явуулах нь төрийн бодлого. Монгол Улсын иргэн ажилтай, боловсролтой, эрүүл орчинд амьдарна гэдэг үзэл санаа нь өнөөдрийн энэ хуулинд ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч туссан байгаа гэлээ. Мөн гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд ороцуулахтай холбоотой 3 заалтын тухайд энэ ажлыг зохион байгуулах Элчин сайдын яамд сонгуулийн хуулиар ямар нэгэн үүрэг хүлээж буй субъект мөн эсэх, сонгогчдын санал баталгаажуулах ажил нь эрх зүйн ямар харьцаагаар зохицуулагдах тухай Х.Жекей гишүүний асуултад энэ ажлыг зохион байгуулах журмыг СЕХ, ГХЯ-тай хамтран тусгайлан гаргана гэсэн хариу өглөө. Гишүүд сонгуулийн үеэр саналын хуудсыг автомат машинаар тоолох, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахтай холбоотойгоор эргэлзээ төрүүлж буй асуудлуудад хариулт авсны дараа сонгуулийн тухай хуулийн зарчмын зөрүүтэй 2 багц асуудлаар санал хурааж, ТББХ-ноос оруулсан бүх саналыг дэмжлээ. Санал хураасны дараа Ц.Нямдорж гишүүн сонгуулийн холимог тогтолцоо, хоёр өөр систем хуулинд орж ирж байхад санал хураалтыг системээр нь ялгаж салгаж өгөхгүй бол бөөн маргаан дэгдэж эвгүй байдалд орж болзошгүй тул СЕХ-ны мэргэжлийн хүмүүс хуулиа сайтар нягтлан унших хэрэгтэй хэмээн зөвлөлөө. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь шинэ төмөр зам барих төсөлтэй холбоотойгоор “Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх” гэсэн асуудал байсан бөгөөд хуралдаанд оролцсон 44 гишүүний 79,5 хувийн саналаар уг тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, төслийн анхны хэлэлцүүлэг хийлгэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв.
Г.Энх

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш