logo
Хэрэм, тарвага, хярс, мануулын түүхий эдийг хилээр нууцаар гаргах оролдлого буурахгүй байна

Хэрэм, тарвага, хярс, мануулын түүхий эдийг хилээр нууцаар гаргах оролдлого буурахгүй байна

2011/10/15
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Зэрлэг ан амьтан, ургамлын олон улсын худалдаа зарим амьтан, ургамлын төрөл зүйлийн амьдрах орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж устаж мөхөх шалтгааны нэг болж байгааг харгалзан энэ төрлийн худалдаанд хяналт тавих зорилгоор 1973 онд АНУ-ын Вашингтон хотноо улс орнууд “Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах” конвенцид нэгдэн гарын үсэг зурсан аж.
Монгол Улс тус Конвенцийн гишүүнээр нэгдэн орсныг УИХ 1995 оны 5 дугаар сард соёрхон баталж, 2002 онд “Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай” хуулиа баталсан юм. Үүний дагуу жил тутам 60 гаруй толгой угалз, 300 хүртлэх идлэг шонхрыг гадаад худалдаанд оруулж улсын төсөвт жилд дунджаар 3.5 сая орчим ам.долларын орлого оруулж байгаа юм байна Энэ хуулийн дагуу  байгуулагдсан Үндэсний удирдан зохицуулах ба шинжлэх ухааны зөвлөл конвенцийн  хэрэгжилтийг хариуцан түүний хавсралтанд орсон амьтан, ургамлыг хамгаалах талаар сурталчлах, сэрэмжлүүлэг хийх, нөөц тархацыг нь судалж, агнуурын бодлого зохион байгуулалтын санал боловсруулах, конвенцийн хэрэгжилтийг нарийн бичгийн дарга нарын газарт тайлагнах, хавсралтанд орох нэмэлт, өөрчлөлтийн талаар Монгол Улсын байр суурийг тодорхойлох, тусгай зөвшөөрлөөр агнасан, барьсан амьтан ургамлыг экспортлох зөвшөөрөл олгох, Талуудын бага хуралд оролцож улс орныхоо байр суурийг хамгаалах зэргээр гүйцэтгэж байгаа юм.
Конвенцийн хавсралтад ороогүй боловч олон улсад худалдаалагддаг амьтан, ургамалтай холбоотой хэрэг зөрчил ихээр манай улсад гарах болжээ. Жишээ нь хэрэм, тарвага, хярс, мануулын түүхий эдийг хилээр нууцаар гаргах оролдого буурахгүй байгаа учир эдгээр амьтдыг хамгаалах, хараа хяналтыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс конвенцийн 3 дугаар хавсралтыг баталж, хуульчлах шаардлагатай болжээ.
Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаадад хууль бусаар гаргахыг завдсан хэргүүдийг хууль хяналтын байгууллага илрүүлдэг боловч тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн үндэс дутмаг байгаа тул хууль зөрчихийг завдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуульчлан заах хэрэгтэй болсон байна.
Хууль зөрчигчдөд захиргааны хариуцлага хүлээлгэн торгодог ч торгуулийн хэмжээ нь тэдний олж байгаа орлоготой харьцуулахад багахан хэсэг нь болж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хөшүүрэг болж чадахгүй байгаа тул торгуулийн хэмжээг мөнгөний ханшны уналттай уялдуулан хуульчлах шаардлагатай болжээ.  
Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд орсноор улс эх орны амьтан ургамлын нөөц, түүнтэй холбоотойгоор тэдгээрийн гадаад худалдааны асуудалд зүй зохистой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба нар танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариултаа авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Ирвэсийг агнахыг хориглосноос хойш тоо толгой нь хэт их өсч, мал руу, сүүлдээ хот айл руу халдах боллоо. Агнахыг хориглоод байх нь хэр зохистой юм болоо. Цаашид яах вэ. Чоноос аюултай болоод байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ хэмээн лавласан. БОАЖ-ын сайд Л.Гансүх, “Ирвэс дээрх конвенцийн нэгдүгээр хавсралтад орсон. Энэ хавсралт дахь амьтдыг агнах, худалдаалахыг хориглосон байгаа. Бид таны яриад байгаа асуудлыг олон улсын байгууллагад тавиад малаа ирвэсэд бариулсан малчдад татаас олгон хохирлыг барагдуулах хүсэлтийг тавиад байгаа. Үүнээс өмнө ирвэсийн генийг судлах зорилгоор цөөн ирвэсийг агнах хүсэлтийг судалгааны байгууллагаас ирүүлж байсан. Бид энэ асуудлыг уламжилсан ч олон улсын байгууллагаас ирвэсийг агнахгүйгээр үс, баас гэх мэтийг нь шинжлэх боломжтой гэсэн хариуг ирүүлсэн. Бидний зүгээс ирвэсийн тоо толгой хэр нэмэгдэж байгааг тогтоохоор судалгаа хийж байгаа. Манайхан үр дүнгээ гаргаж ирээд ондоо багтаан дүнгээ гаргана. Энэ амьтан огт харагддаггүй. Зургийг нь ч олж авч чадахгүй байгаа. Тийм болохоор их хэмжээгээр өссөн гэж хэлэх бас боломжгүй байгаа юм. Ямартай ч ирвэсийн өсөлтийн тоо хэмжээг тогтооосн дүн гарсны дараа холбогдох арга хэмжээг авна. Нэгэнт олон улсын конвенциор ирвэсийг агнаж болохгүй болсон болохоор малчдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг холбоглох газруудад уламжлаад байгаа гэлээ.
Энэхүү хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш