УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.03.07/ Өмнөговь аймагт ажиллаж, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр худаг байгуулж буй төслийн явцтай танилцав.
2013 онд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг Ханхонгор, Сэврэй суманд туршиж эхэлсэн байна. Уг төхөөрөмж нь мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэхэд үр дүнтэй бөгөөд цаг хугацааг хэмнэсэн, хямд зардлаар мал, ногоогоо зэрэг услах боломжтой үр ашигтай төхөөрөмж болох нь нотлогдсон болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав. Тиймээс 2015 онд 15 сумын 29 инженерийн хийцтэй худагт уг төхөөрөмжийг суурилуулах ажлыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Ундарга-Өмнөговь ХК-тай гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа юм байна. Үүний нэг нь Даланзадгад сумын 8 дугаар багийн Цох сувагийн худаг юм. Сүүлийн 4 жилийн хугацааны ажлын үр дүнд бэлчээрийн усан хангамж 38-42.5 хувьд хүрээд байгаа юм байна.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа.