logo
Парламентын түншлэлийн уулзалтад 20 орны төлөөлөгч оролцохоо мэдэгджээ

Парламентын түншлэлийн уулзалтад 20 орны төлөөлөгч оролцохоо мэдэгджээ

2016/03/09

Улаанбаатарт болох АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 21-23-нд манай улсад зохиогдох гэж байна.

Үүнтэй холбогдуулан уг уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар  гуравдугаар сарын 7-нд Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломатчид болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нартай ГХЯ-нд уулзаж, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт нь АСЕМ-ын хүрээнд Монгол Улсад зохиогдох эхний арга хэмжээ бөгөөд УИХ-ын даргын захирамжийг үндэслэн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байна.

Уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт илгээсэн бөгөөд одоогоор 20 орны 90 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд www.asep9.parliament.mn цахим хуудас ажиллаж байна.

Үндэсний хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсад байнга суугаа  дипломатчид болон Консулын төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандан “Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг хичээн ажиллаж байна. Уулзалтыг амжилттай зохион байгуулахад Та бүгдийн дэмжлэг оролцоо чухал юм. Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон холбогдох дипломат ажилтнууд өөрсдийн орны парламентын төлөөлөгчдөө идэвхтэй оролцуулна гэдэгт итгэж байна” гэв.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах уулзалт болох юм. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  IX уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын XII уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний XI чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш