2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, дуусаад харьяаллын дагуу прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн үзжээ. Улмаар энэ хэрэгт Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу яллах саналтайгаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан.
Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хэргийн талаар бид хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбаттай ярилцсан юм.
- Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
- Төв аймгийн Баянчандмань суманд гарсан хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцэлгүйгээр мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Шүүх бол өөрийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд энэ хэргийг үзээд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16-р зүйлд зааснаар тал бүрээс нь бодитой хянаж үзээгүй алдагдуулж үзсэн юм шиг байна.
Нэгдүгээрт: Хэргийг цагаатгах болон яллах талаас нь үзээгүй байна.
Хоёрдугаарт: Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 214-р зүйлд прокурор хянах асуудлыг бүрэн гүйцэд хянаагүй байна.
Гуравдугаарт: Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80-р зүйлд нотлогдож болох асуудлыг бүрэн нотлоогүй байна. Гэсэн энэ гурван хууль зүйн үндэслэлээр бүрэн эрхийн хороонд шүүх хурал хийлгүйгээр хэргийн мөрдөн байцаах газар буцаасан байгаа.
Хохирогчийн талаас бол шүүхийн байр суурьтай бодол санаа нэг байна. Гэмт хэрэгт хамааралтай байдлаас нь хэрэгтнүүдийг бүрэн шалгаагүй байна гэж хохирогч гомдолтой байна.
Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэр дээр прокурорын эсэргүүцэл бичих хууль зүйн хугацаа 2016 оны 3-р сарын 9-ний өдөр дуусна. Энэ эсэргүүцэл бичигдэхгүй бол хэрэг дахин мөрдөн байцаалтын шатанд буцаж шалгагдаж эхэлнэ. Мөн энэ шатанд дараа дараачийн арга хэмжээгхүмүүс авч эхлэх байх. Хэрэгт зарим нэг зүйлийг шалгах дутуу гэж бид үзэж байгаа. Хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой анагаах ухааны чиглэлийн дүгнэлтүүдийг гаргуулах нь зүйтэй гэж ийм байр суурьтай өмгөөллийн ажлаа явуулж байна.