logo
Мэндчилгээ

Мэндчилгээ

2016/03/18

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах хүндтэй албанд зүтгэж буй генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, гэрээт цэргийн албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Манай Зэвсэгт хүчин эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болж ирсэн баялаг түүхтэй билээ.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сахин хамгаалах, ардчиллын ололтын бататгах, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах ариун үйлсэд Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байгуулсан гавъяа, баатарлаг үйлс нь манай өсвөр үе, залуусын бахархан дуурайх өв уламжлал болж, Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх эрдэм ухаанд сургахын зэрэгцээ “Монгол цэрэг” байх үүрэг хариуцлагыг сэтгэл зүрхэнд нь тод үлдээж, ухаарал төлөвшил, хүмүүжил хатуужлын сургууль, амьдралын нэгэн үеийн бахархал, алтан дурсамж үлдээсээр ирсэн бахдам сайхан уламжлалтай.

Батлан хамгаалах бодлогын үндэс өөрчлөгдөн шинэчлэгдэж батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллага, засаг захиргааны нэгжийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бий болгосон нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын батлан хамгаалах үүрэг оролцоог нэмэгдүүлсэн үйл явдал болж байна.

Та бүхэн Батлан хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, Нийслэл хотоо хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааг дэмжин, хотынхоо хөгжил цэцэглэлтэд эзний сэтгэлээр хандаж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлж хамтран ажиллаж, их амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

Монгол цэргийн сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай.



АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш