АНУ-ын бахархал болсон Холливүүдын кино урлаг дэлхийг байлдан дагуулсаар л байна. Кунфу Панда, Харри Поттер зэрэг кино гарсан цагаасаа л үзэгчдийг алмайруулж, Бокс Оффисыг тэргүүлж эхэлсэн. Алдарт жүжигчин Том Круйзын тоглосон “Mission Impossible” буюу “Биелэгдэшгүй даалгавар” киноны үнэнч фэнүүд байгаа бол сүүлийн хэзээний олны танил болсон алдарт киноны шинэ анги удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Гэхдээ та Лос Анжелес орж шинэ кинонуудын нээлтийг үзэх хэрэггүй. Энэтхэгийн Мумбай эсвэл Шинэ Дэлиг зориход л хангалттай юм байна. Учир нь “Ороолонгийн протокол” нэртэй холливүүдын шинэ киноны нээлт АНУ-д нээгдэхээс тав хоногийн өмнө Азийн орнуудад нээгдэх гэж байна. Бусад кинонууд ч Ази болон Ойрхи Дорнодод түрүүлж нээлтээ хийдэг болжээ. Нэг хэсэг кино урлаг, технологийнн шинэ нээлт, бүтээгдэхүүнүүд АНУ болон Европоос эхэлж, Азид дуусдаг гэж боддог байсан. Одоо харин эсрэгээрээ Азиас эхэлж Европт дуусдаг болжээ. Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд зохиогчийн эрхгүй урлагийн бүтээлийг худалдаалахыг хориглож, дуураймал бүтээгдэхүүнийг устгаж, тэмцэж байгаа. Хэдэн жилийн өмнө АНУ-д нээлтээ хийсэн кино хэдхэн хоногийн дотор хэдэн сая хуурамч “copy” болон Азийн зах зээл дээр зарагддаг байсан. Америкчуудын худалдан авах чадвар 2010 онд 2 хувиар буурсан. Түүний дотор дэлгэцийн бүтээлийн худалдан авалт 7 хувиар буурсан байна. Эдийн засаг хүндрэх үед хүмүүс хоол хүнс, орон байрандаа байгаа мөнгөө зарцуулж, кино, дуу хөгжимд мөнгө зарцуулах нь багасдаг. Харин Энэтхэгийн хувьд байдал эсрэгээрэа байна. Иргэдийн худалдан авах чадвар тогмол өсч байгаа. Түүний дотор энтертэйнмэнт урлаг, кино дуу хөгжимийн худалдан авалт 14 хувиар өсчээ. Хятад болон Энэтхэг улс дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний бараг тал хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Гэхдээ нийт бараа бүтээгдэхүүний 3 хувийг л худалдан авдаг байсан. Одоо энэ үе өнгөрчээ. Зөвхөн кино урлаг гэлтгүй бусад салбарын бизнемэнүүд ч үүнийг мэдрээд эхэлжээ. Жишээ нь DELL компанийн дэлхийн хамгийн нимгэн NOTBOOK болох XPS 14Z загвар АНУ-д бус Хятадын зах зээлд анх худалдаанд гарсан. Хятад улс аль хэдий нь дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн зах зээл болсон. Тиймээс компаниуд шинэ бүтээгдэхүүнээ том зах зээлд л эхэлж нийлүүлдэг болсон. Мөн ихэнхийг нь Хятадад үйлдвэрлэж байгаа учир тээврийн зардал хямд. 2013 оны Chevrolet Malibu автомашин АНУ-ын машины дилер дээр хүргэгдэхээсээ өмнө Япон болон Өмнөд Солонгосын зах зээлд түрүүлж нэвтэрнэ. GМС компани BUICК машинаа хэдэн жилийн өмнөөс эхэлж Хятадад түрүүлж гаргадаг болсоор удаж байна. Дэлхийн хөрөнгө мөнгө, хүчний харьцаа өөрчлөгдөж байна гэж хэлж болно. Учир нь барууны орны төлөөлөл АНУ-ын иргэдийн худалдан авах чадвар, зах зээл буурч байна. Компаниудын хөрөнгө оруулалт ч буурсаар байна. Үүнтэй уялдаад ажлын байр хомсдож, ажилгүйдлийн төвшин газар авч байна. Вашинготоны эрх баригчид нэгийг бодох цаг нь болжээ. АНУ-ын эдийн засгийг сэргээх боломж болоцоо байгаа. Энэ бол биелэгдэшгүй далгавар биш. Эдийн засгийн хямралыг зогсооход Том Круйз хэрэггүй. Учир нь Америкийн компаниуд 2.3 триллион долларын нөөц хөрөнгөтэй. Энэ бол асар том боломж. Зөвхөн зөв менежмент хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn