logo
Шварценеггер төрж өссөн Австри улсдаа эргэн ирлээ

Шварценеггер төрж өссөн Австри улсдаа эргэн ирлээ

2011/10/18
Холливүүдын алдарт жүжигчин “Төмөр” хочит Арнолд Шварценеггер Австрийн өөрийн төрөлх хотод хүрэлцэн иржээ. Шварценеггерийн төрж өссөн гэрийг Австричууд музей болгожээ. Түүний үнэнч фэнүүд музейн гэрийнх гадаа цугласан байсан бөгөөд тэрбээр өөрийн төрөлх герман хэлээр фэнүүдтэйгээ мэндчилсэн байна.
“Миний ард харагдаж байгаа энэ жижиг, хуучин байшинг шар өнгөөр будаж, дахин сэргээн засварлажээ. Би энд хүүхэд насаа өнгөрөөсөн. Та нарын үзэх гэж байгаа байшин дотор байгаа эд зүйлүүд бол миний туулж өнгөрүүлсэн амьдралд нөлөөлсөн хамгийн чухал нандин зүйлс байгаа. Жишээ нь миний анх өргөж байсан бодибилдингийн гантель, “Терминатор” киноны хиймэл модел, Калифорни мужийн захирагчаар ажиллаж байсан үеийн Сакраменто хотын миний ажлын байрны ширээ гэх мэт” гэж тэрбээр хэллээ.
Анх бодибилдийнгийн спортоос кино жүжигчин, жүжигчнээс улс төрч болсон түүний карьер бусад залуучуудад үлгэр дууриалал болно гэж найдаж байгаагаа болон түүний гэр музейг үзэж сонирхсон хүмүүс хүссэн зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож байгаагаа 64 насыг зооглоод буй “Tөмөр” эрхэм хэлсэн байна. Шварценеггер эхнэрээ араар нь тавьж, улс төрчийнхөө хувьд байж боломгүй ёс зүйгүй алдаа гарган гэрийнхээ үйлчлэгчтэйгээ нэр холбогдсоноо хүлээн зөвшөөрч Америкчуудын хувьд нэр хүнд нь унаад байсан юм. Гэсэн ч түүний үнэнч фэнүүд нь Шварценеггерийг амьд шүтээн, амьд домог гэж үзсэн хэвээр байна.
“Шварценеггер бол миний найз шиг л санагддаг. Би өөрийнхөө ажиллуулдаг мотоциклын клубээ “Терминатор” гэж нэрлэсэн. Тэр бол мотоциклын хоббитой залуучуудын амьд домог юм” гэж Словенээс ирсэн мотоциклчин Бранко Көрк ярьсан байна.
Калифорни мужийн захирагчаар ажиллаж байсан, эхнэрээсээ салаад удаагүй байгаа Арнолд Шварценеггер одоо өөрийнхөө шинэ намтрыг бичих ажилдаа шамдан ороод байгаа юм байна.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш