Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цагдаа нарт зориулсан англи хэлний сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Сургалтад хотын төвийн жуулчид олноор зорчдог хэсгийн хэв журмын 75 цагдаа хамрагдаж байгаа юм. Цагдаа нарын хэлний мэдлэгийг сайжруулснаар жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний өмнө тулгардаг олон асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжтой болно. Энэ удаагийн сургалтыг Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цагдаа нар сургалтын хугацаанд өөрийгөө болон бусдыг танилцуулах, мэндлэх, тусламж хэрэгтэй эсэхийг асуух, зөвлөмж өгөх, байр, байршил заах зэрэг харилцан ярианы энгийн мэдлэгийг 14 хоногийн эрчимжүүлсэн сургалтаар олж авч байна. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.